Төрийн үйлчилгээний хамгийн том цахим систем “E-Mongolia”-гийн үйл ажиллагаа өчигдөр доголдож, иргэд нэвтэрч чадахгүйд хүрэв. Гол шалтгаан нь иргэд хүүхдийн мөнгө авах боломжтой, эсэхээ шалгахаар хэт ачаалал үүсгэсэнтэй холбоотой гэнэ. Засгийн газраас уг мөнгөн тэтгэмжийг энэ оноос зорилтот бүлэг буюу нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу эцэг, эх, асран хамгаалагчид “E-Mongolia” системд нэвтрэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан, эсэхээ шалгах боломжтойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр өглөө мэдээлсэн юм. Ингэснээр дээрх системд иргэд олноороо хандсан байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас тус системийг засахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн. Гэсэн ч өчигдөр 19.00 цагийн үед ажиллагаа нь хэвийн горимд ороогүй, иргэд нэвтэрч чадахгүй хэвээр л байв. Эл системийн найдвартай, аюулгүй ажиллагааг сайтар хангасан гэж холбогдох байгууллагынхан мэдээлдэг ч бодит байдалд ийм хэмжээний ачааллыг ч дийлэхгүй байна.
Бэлтгэсэн М.Оч