Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ой өнгөрсөн баасан гарагт тохиов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, “Чингис хаан” одонт П.Очирбатыг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр парламентаас сонгогдон, 1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл ажилласан, БНМАУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч, 1993-1997 онд Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсэн эрхэм юм. Энэ хугацаанд Монгол Улс шинэ нийгэмд шилжих, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Ардын Их Хурлын чуулганаар 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгчийн засаглалтай байх, эсэх талаар санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, мөн 186 нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцсэн түүхтэй. Иймд Ерөнхийлөгчийн саналыг сонсоход тэрбээр Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй байх ёстой гэдгийг онцлон хэлжээ.
Санал тэнцсэн үед анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн “Нэг хүний мэдэлд удирдлага хэт төвлөрч, дарангуйлан захирах ёс тогтохоос болгоомжлох, төрийн нуруу түвшин, эрх мэдэл нь зохих шалгуур, харилцан тэнцэлтэй байхыг манай нийгмийн сэтгэлгээ хүсэн хүлээж байгаа тул Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж хэлсэн үгийг нь хүндэтгэл болгон, Ерөнхий сайд түүнд дурсгалаа. Эл дурсгалын хувийг Үндэсний түүхийн музей, Засгийн газарт хадгалуулах аж. Ерөнхийлөгч асан П.Очирбат “Ерөнхийлөгчийн засаглалтай байя гэдэг санал тэр үед нэлээд хүчтэй байсан юм. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр олны анхаарал төвлөрсөн асуудал бол засаглалын хэлбэр. Ардчилсан нийгэмд олуулаа хэлэлцэж шийдэх нь хамгийн чухал. Ард түмний санал асуулгаар парламентын засаглалыг 60 хувь нь дэмжиж байсан. Би санаанаасаа хэлээгүй ээ, ард түмнийхээ олонхын саналд түшиглэх нь зүйтэй л гэж үзсэн. Та бүхэн гярхай харж, үнэлээд, олон жилийн дараа түүхийн баримт болгосонд талархаж байна. Энэ бол Үндсэн хуульдаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл” гэж хэллээ.
Бэлтгэсэн У.Наран