Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит буюу энэ оны эхний хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нэг хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Ингэснээр хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө оруулалтын сангийн тоо тав боллоо. Мөн нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхээр, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг шинэчлэн батлахаар, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрчлөлт оруулахаар, дөрвөн тусгай зориулалтын компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны багцын эзлэх хувьд өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрлөө.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийг мэдээлэх үүрэгтэй этгээд гэж тодорхойлсон. Иймд зайны болон газар дээрх хяналт шалгалтын журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, журмын хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах, тайлан, мэдээний шаардлагыг тодорхой болгох, мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүрэг, хариуцлагыг сайжруулах зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг хуралдаанаар баталлаа.
Түүнчлэн даатгалын төлөөлөгчийн болон зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа болон итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн факторингийн болон итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт дөрвөн компанид нэмж олгохоор шийдвэрлэв.
Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр иргэнд, нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн бол виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр нэг компанийг, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хувьцаа зэмшигчдийн бүрэлдэхүүнд орох өөрчлөлтийг бүртгэхээр тус тус шийдвэрлэсэн байна.