Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратеги зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр (2023.01.13) Төрийн ордонд боллоо.
Арга хэмжээг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын болоод УИХ-ын Тамгын газрын Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан нэг гол ажил бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах юм. Тус төв нь Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, мөн Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулан сурталчлах ач холбогдолтой. Түүнчлэн УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй парламентын боловсрол хөтөлбөрийг орон нутгийн хүүхэд залууст таниулах, тэдгээрийн оролцоог хангахад чиглэгдсэн. Энэ хүрээнд Хууль тогтоомж сурталчлах төвийг Баянхонгор, Өвөрхангай аймагт энэ оны нэгдүгээр сард нээхээр зорьж байна. Үүнд аймгийн ИТХ-ын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллахаар сонгогдсон Баянхонгор Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга нар үг хэлж, санал бодлоо илэрхийлэв. Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж тус аймгийн ИТХ-ын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, УИХ болон аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэр, мөн парламентын боловсрол хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд таниулах нь чухал болохыг тэмдэглэв. Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ойн баярын мэндийг нийт оролцогчдод хүргэж, энэ түүхэн өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулах гэж байгаад баяртай байна гэв. Тэрбээр, хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлын нэг бол иргэд УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомж, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж байгаа шийдвэрийг төдийлөн сайн ойлгодоггүй. Иймд эрх зүйн боловсрол олгоход уг төвийн байгуулах нь цаг үеэ олсон чухал ажил болж байна гэлээ.
Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Хууль тогтоомж сурталчлах төв байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан энэ үеэр Үндсэн хуульд МЭДЭГТҮН, САХИГТУН гэж заасан. Иймд Үндсэн хуулийн үзэл санааг амилуулж байгаа бусад хууль тогтоомжийг ард иргэддээ хүргэж сурталчлахад энэ төв чухал үүрэгтэй гэдгийг онцлов.
Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс оролцов. УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд тус төвийг байгуулж байгаа бөгөөд цаашид бусад аймгуудад байгуулахаар зорьж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.