Германы удамт язгууртан XIII Генрих өөрийн ойрын хүн, Берлиний шүүгч Биргит Мальзак Винкеман, тусгай зориулалтын хүчний албан хаагчдын командлагч байсан Рюдигер фон Пескаторе нартайгаа хамтран улсын засгийн эрхийг булаан авч Рейх (хуучны Засгийн газар)-ийг сэргээх зорилготой үндсэрхэг үзэлт бүлэглэл бий болгосон аж. Тэд “Эзэнт улсын дэг жаяг”-ийг эргүүлэн авчирч, 1919 оны Веймарын Үндсэн хуулийг сэргээж, ХБНГУ-ын бүх удирдагчийг хөнөөхөөр төлөвлөсөн байна. Хачирхалтай санагдаж болох ч хэт барууны “Рейхсбюргер” (Рейхийн иргэд) нэртэй хөдөлгөөний хуйвалдааныг илрүүлсэн тухайгаа Германы хууль сахиулах байгууллагууд 2021 оны арванхоёрдугаар сарын эхээр мэдээлж, чухам ийм мэдэгдэл хийсэн юм. Цагдаа нар олон арван сэжигтнийг баривчилж, тэдний үйлдэлд талархалтай хандаж байсан этгээдүүд Оросын дипломат ажилтнуудтай холбоо тогтоож, Канцлер Олаф Шольцын амь насанд халдах төлөвлөгөөбэлтгэсэн нь тодорхой болжээ. Рейхсбюргерүүдийн хөдөлгөөн гээч нь чухам юу болох, хуйвалдаанд оролцсоноо илчилсэн хэнийг ч яагаад алахаар тангараглав, төрийн эргэлт хийх оролдлого нь яагаад бүтээгүй юмбол?
Герман улс арванхоёрдугаар сарын 7-ны өглөөгэхэд орчин үеийн түүхэндээ томоохонд тооцогдоххоморголон баривчлахажиллагааявуулсанбайлаа. Хүчний байгууллагын 3000 гаруй ажилтан 13 мужийн 11-ийнх нь хэдэн арван хотод нэгэн зэрэг энэ үйл ажиллагааг зохион байгуулав. Үндсэн хуульт байгууллыг устгаж, цус урсгасан иргэний дайнд ч хүргэж болох байсан хуйвалдаанд оролцогчдыг тэд хайжээ. Германы ерөнхий прокурор Петер Франкийн мэдэгдсэнээр бол хүчнийхэн 25 хүн баривчлав. Сэжиглэгдсэн өөр 27 хүн байлаа. Бүгд хагас нууц байдалд байсан, дээр өгүүлсэн хөдөлгөөний хүмүүс юм. Уг хөдөлгөөний гишүүд эрх баригчдаа улс орныг нь далдаас удирдаж буй Америкт талархалтай ханддаг, корпорацуудын дохиогоор ажилладаг, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны хүмүүс биш гэж үздэг аж.
“Die Zeit” сонинд бичсэнээс үзвэл амжилт олоогүй үймээний удирдагч нь Тюрингийн язгууртны угсаатны хүн, Бундестагийн депутат явсан 71 настай Хайнрих Рейсс гэгч байжээ. Тэрбээр 2021 онд өөрийгөөXIII Генрих хэмээн зарлаж, өөрийн тусгай албад, арми, хүнд суртлын аппаратад хүмүүсийг элсүүлж эхэлсэн байна. Берлинд шүүгчээр ажилладаг 58 настай эмэгтэй Биргит Мальзак-Винкеман, Бундесверийн десантын тусгай салбарыг удирдаж байсан Рюдигер фон Пескаторе нар өөрийгөөхаан гэж зарласан Хайнрих Рейсст тусалжээ. Сэтгүүлчдийн нотолж байгаагаар Оросын иргэн гэх эмэгтэй Б.Виталия тэднийг урамшуулж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байж. Энэ хүн чухам юу хийдгийг мөрдөн шалгах явцдаа тогтоогоогүй ч хөдөлгөөний удирдагчтай дотнохарилцаатай байхыг чүгүйсгээгүй. Сүүлийн нэг жилд хуйвалдагчид төрийн байгууллагад өөрийн хүмүүсийн бүхэл бүтэн сүлжээ бий болгож, төлөвлөгөөгөөхэрэгжүүлэхэд шаардагдах зүйлийг цуглуулж амжжээ. Тухайлбал, гар утас нь ажиллахгүй болсон тохиолдолд ашиглах зорилгоор сансрын холбооны “Iridium” утсыг 20 мянган еврогоор олж авсан байна. Түүнчлэн эргэлт хийхийг санаархагчид дотроо иргэний болон алан хядлага үйлдэх зорилготой цэргийн гэсэн хэсэгт хуваагджээ. Цэргийн хэсгийг ХБНГУ-ын армид алба хаадаг хүн удирдаж байв. Түүний нэрийг нууцалдаг аж. Хуйвалдаанд оролцогчид бүгдээрээ нууц хадгалах ам өгч, гарын үсэг зурсан бөгөөд үүнийг зөрчсөн хэнийг ч өөрсдийн гараар устгах аж.
Америкийн “New York times” сонинд мэдээлснээр бол Рейсс, Мальзак Винкемен, фон Пескаторе нар Канцлер Олаф Шольцыг алахаас бослогооэхлүүлэхээр төлөвлөж байжээ. Тэгээд залгаад зэвсэглэсэн отрядууд Бундестаг (Парламент)-ийн байшинг эзэлж, депутатуудын ихэнхийг баривчлах байв. Рейхсбюргерүүдийн хөдөлгөөн ХБНГУ-д 1980 онд бий болж, зүүн бүс буюу хуучин БНАГУ-ын нутаг дэвсгэрт улам бүр нэрд гарч байжээ. Энэ хөдөлгөөн нь ХБНГУ, эндхийн ардчилсан тогтолцоог үл зөвшөөрдөг эрээвэр хураавар хүмүүсийн зохион байгуулалт муутай нэгдэл юм. Ихэвчлэн 40-50 насны, барууны юм уу, хэт хуучинсаг үзэлтэй хүмүүс рейхсбюргер болдог байна.
2020 онд ХБНГУ-ын Үндсэн хууль хамгаалах байгууллагын гаргасан баримтаар Германд одоо ийм “иргэн” 20 мянга орчим бий. Тэдэнд ор мөргүй улсын “баримт бичиг” гээчээс өөр ямар нэг таних тэмдэг байдаггүй аж. Олонходнь мөнгө, автомашины дугаар, жолоочийн эрхийн үнэмлэх, гадаад паспорт, хэн болохыг илэрхийлэх бичиг баримт байх бөгөөд тэдгээрт төрсөн газрыг нь “Германы Рейх”, “Чөлөөт Прусс улс” юм уу, “Германы вант улс” гэж бичсэн байдаг. Рейхсбюргерүүд 1871-1937 оны үеийн Германы хүчирхэг байсан алдар цуутай цагийг, өөрөөр хэлбэл, эзэн хаантай болон гуравдугаар Рейхийн он жилүүдийг ихэд санагалзана. 1945 оноос хойших хүйтэн дайны үеийн Германы статусыг дурсаж, Дэлхийн II дайны дараа бий болсон “хуурамч” улсаас өөр, (энэ нь ХБНГУ-ыг хэлж буй хэрэг) Германы Рейх байсаар байгаа гэж нотлохыг тэд хичээдэггэнэ. 1945 оны тавдугаар сард холбоотнууд дангаараа Карл Дёницийн тэргүүлсэн эзэнт улсын сүүлчийн Засгийн газрыг тараасныг рейхсбюргерүүд Рейх оршин байгаагийн нотолгоо хэмээн тайлбарладаг. Өөрсдийн санааг батлах гэхдээ 1973 онд Германы Үндсэн хуулийн шүүхийн гаргасан тогтоолыг баримт болгох гэж зүтгэнэ. Эрх зүйн хувьд Рейх 1945 онд байхгүй болоогүй, ХБНГУ нь шинэ улс биш, ердөөл Германы хуучин төр улсад улс төрийн өөрчлөлт хийсэн гэсэн тайлбар хэлнэ. Өөрөөр хэлбэл, Рейх хууль эрхийн хувьд байхгүй болж, оронд нь ХБНГУ бий болоод Германы төрт ёсны уламжлалыг өвлөн авч үргэлжлүүлж байгаа гэж үздэг. Зарим рейхсбюргер нь Германы Рейхийг 1871 оны хил хязгаартаа оршин тогтносоор байгаа гэдэг.
Дэлхийн II дайны төгсгөлд энхийн гэрээ байгуулаагүй нь Германыг одоо хэр нь холбоотнуудад булаан эзлэгдсэн улс мэтээр мэдэгдэх боломжийг эдгээр иргэндолгосон гэж хэлж болно. Бодит байдалд АНУ, Британи, Франц, ЗХУ 1954-1955 онд Германыг эзлэгдсэн улс гэж үзэхээ байж, ХБНГУ, БНАГУ-ын Засгийн газарттусгаар улсын эрхийг эцэслэн өгч, үүнийгээ олон улсын гэрээнүүдэд баталгаажуулсан юм. Европын газрын зураг дээр нэгдмэл ХБНГУ-ыг бий болгож, хил, олон улсын эвсэлд нэгдэх, зэвсэглэлийг хязгаарлах гээд түүний гадаад бодлогын асуудлыг шийдвэрлэх нь “Хоёр дээр нэмэх дөрөв” гэрээний зорилго байв.
Рейхсбюргерүүдийн тавьдаг нэг үндэслэл нь ХБНГУ 1990 оноос Үндсэн хуульгүй байгаа явдал юм. ХБНГУ-ын Үндсэн хуулийн 23 дахь заалтаар 1949-1990 онд мужуудыг дахин хувааж тус бүртнь уг хуулийн хэм хэмжээ үйлчилж ирсэн байна. Дорно зүгийн мужуудад Германы бусад газар нутагт нэгдэх замыг энэ заалтаар бас хялбарчилжээ. 1990 онд Герман нэгдсэнээр уг заалтын үйлчилгээ зогсож, түүнийг ХБНГУ-ын Үндсэн хуулиас хассан юм. Гэтэл энэ үеэс нааш Үндсэн хууль хэрэгжих газар нутаг байхгүй болсон гэж тэд үздэг.
ХБНГУ, БНАГУ албан ёсоор 1990 оны арванхоёрдугаар сарын 3-нд нэгдсэн юм. Энэ өдрийн 00.00 цагт БНАГУ туурга тусгаар улсын хувиар оршин тогтнохоо байж, Баруун Берлин олон улсын онцгой статустай бие даасан улс төрийн нэгдэл биш болсон. Ийм байдал нь эцсийн дүндээ хоорондоо хэлхээ холбоогүй, салж бутарсан рейхсбюргерүүд тус тусдаа өөрсдийгөө“Рейхийн Засгийн газар” хэмээн тунхаглаж, татвар, торгууль төлөхөөс татгалзаж, шүүхийн шийдвэрийг хайхрахаа байж, еврогийн оронд өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт хэвлэсэн байна.
Рейхсбюргерүүдийг нийгмээрээ хүлээн авч байсан байдалд 2016 оны арванхоёрдугаар сард өвөрмөц өөрчлөлт гарчээ. Тэгэхэд Баварын Георгсмонд хотод цагдаагийн дөрвөн ажилтан хүрч ирэв. Анчин П.Вольфгангийн гэр үндсэндээ зэвсгийн агуулах болсон гэсэн мэдээлэл тэдний сонорт хүрсэн байж. Гэрийн эзэн “хууль бус” эрх баригчдын “хууль бус” шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд цагдаа нарыг очиход өөдөөс нь учир зүггүй гал нээсэн аж. Цагдаа нарын нэг нь эмнэлэгт нас барж, гурав нь шархадсан байна. Үүнээс үүдэн рейхсбюргерүүдийг маш аюултай бүлэг гэж үзэн хууль сахиулагчид тэдний үйл ажиллагааг анхааралтай ажиглах болжээ. Эдний тухай аливаа мэдээлэл Германы хэвлэлийн хуудаснаас салахаа байв. Рейхсбюргерүүд цагдаа нар луу дайрч довтолсон, тэдний гэрээс их хэмжээний зэвсэг илрүүлсэн, түүнчлэн хууль сахиулагчидтай байнга мөргөлдөх болсон хийгээд сууцынхаа үйлчилгээний хөлс, татвар, төлбөрөөтөлөхөөбольсноос шүүхээр асуудлыг шийдэх болсон талаарх мэдээлэл хэвлэлд тасралтгүй гарчэхэлжээ.
XIII Генрих болон түүнийг дэмжигчдийн хуйвалдааныг хүчнийхэн илрүүлснээс хойш рейхсбюргерүүдийн тухайд олон нийтийн санаа бодол тэр даруйдаа эрс өөрчлөгдөв. Рейхсбюргерүүдийн амбицын тухай мэдээллийг ердөөнэг сарын өмнөгерманчууд үл мэдэг жуумалзан хүлээн авч байсан бол саяхны болсон үйл явдал нь олон нийтийн хийрхэл болж үлдлээ. Үйл ажиллагаагаа явуулж буй Засгийн газрыг унагах зорилгоор үймээн дэгдээхээр бэлтгэж байсан хөдөлгөөний гишүүд нь Оросын эрх баригчидтай дам холбоо сүлбээтэй байж болохыг мөрдөн шалгах байгууллагууд үгүйсгэсэнгүй. Прокурорын байгууллагын нотолж буйгаар бол хуйвалдагчид эрх мэдлийг булаан авах гэж оролдохын өмнөГерманы “төрийн шинэ тогтолцоог” Дэлхийн II дайнд ялсан холбоотон гүрнүүдтэй зөвшилцөхөөр төлөвлөж байжээ. Энэ тохиролцоог хийхэд гол холбогч нь ОХУ хэмээн хуйвалдагчид үзэж байсан аж.
Рейхсбюргерүүдийн удирдагчдын нэг, төрийн эргэлт хийх бэлтгэлийг голлон санаачлагч XIII Генрих гэгч одоо шоронд байна. “Bild”-дмэдээлснээс үзвэл энэ хүн өнгөрсөн оны зургадугаар сард Лейпциг дэх Оросын Ерөнхий консулын газар Оросын өдрийг тэмдэглэхэд оролцсон аж. Түүний “хань”, Оросын иргэн гэх Б.Виталия нь үймээн дэгдээгчдийн эрх ашгийг ОХУ-ынЗасгийн газрын бүтцийн байгууллагад төлөөлж, нөлөөлж байсан байж болзошгүй юм. Гэхдээ нөхөрсөг бус харилцаатай Засгийн газрын эсрэг үйлдэлд Орос ийм хүмүүсийг ашигласан гэж үзэх нь хэтэрхий гэнэн хэрэг болно. Хуйвалдагчид “ХБНГУ корпорац”-ыгялчихаад дэлхийн том гүрнүүдтэй, түүний дотор АНУ, Британитай харилцаа тогтоохоор төлөвлөж байжээ. “Үймээний золиос болж унах дөхсөн ХБНГУ-ын Үндсэн хуульт байгууллын төлөөбидний сэтгэл хэчнээн их түгшиж байсныг үгээр илэрхийлэх аргагүй. Европын төв дэх ардчиллыг хэдхэн хүн унагачихна гээд бодоод үз. БНУ тэсэжүлдсэн” гэж Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Мария Захарова болсон явдлыг егөөдөн тайлбарласан байдаг. Гадаад орны оролцооны тухай маргаанд мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа сэжигтнүүдийн өгөх мэдүүлэг хийгээд шүүх хурал дээр хэлэх үг нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх биз. Гэхдээ “хааны хань нөхөд” бүгд амаа хамхихаар шийдэхгүй бол шүү дээ. Хуйвалдааныг Германы эрх баригчид өөрийн эрх ашигт ашиглах сонирхолтой байгаа нь илт анзаарагдаж буй. Тухайлбал, бүтэлгүйтсэн үймээнээс үүдэн зэвсэглэлийн тухай хуулиа чангаруулахаа ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Нэнси Фезер мэдэгдлээ. Дор хаяж 1050 рейхсбюргерийн зэвсэг эзэмших онцгой эрхийг нь цуцлаад байна. Рейхсбюргерүүдийн хөдөлгөөн нь яах аргагүй “толгой нь эргэсэн” хүмүүсийн үйлдэл бөгөөд тодорхой цаг үед Германы Засгийн газрыг эсэргүүцэгчдийн төвлөрөх цэгийн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно.