Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийг тогтмол үнэлж байгаа аж. Тус газраас гаргасан мэдээллээр өдгөөесөн аймгийн 15 сумд цагаан зуд болж байна. Зудад өртсөн сумын тоо хэдхэн хоногийн өмнө 13 байсан бол ийнхүү хоёроор нэмэгджээ. Үүнд Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Хархорин, Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр, Зуунмод, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Өмнөдэлгэр сум, мөн Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэр хамрагджээ. Мөн цаашид зуд болох эрсдэлтэй буюу цагаан зудархуу гэсэн ангилалд 13 аймгийн 38 сумыг оруулсан аж. Үүнд Төв аймгийн зургаа, Увсын таван сум багтсан нь хамгийн олонд тооцогдож байна. Ташрамд дурдахад, энэ сарын эхний 10 хоногт нийт нутгаар хүйтний эрч эрс суларсан билээ. Тэр дундаа Баян-Өлгий, Увс, Ховд, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумд олон жилийн дунджаас 5.1-10 градусаар дулаан байжээ. Харин өчигдрөөс нийт нутгаар хүйтний эрч эргэн чангарч эхэлсэн. Өнөөдөр говийн болон зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.