Ийм асуултад хариулах шаардлага Монголын хөрөнгийн зах зээлийнхэнд тулгарчээ. Одоогоор бэлэн тодорхойлолт алга. Гэхдээ стратегийн хөрөнгө оруулагчийн үнэлэмж, баримжааг тогтоох ёстой гэж тэд үзэж буй. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Буянхишиг “Стратегийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэхийг Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уялдуулан тодорхойлох хэрэгтэй. Тэгээд компани олон нийтэд хувьцаагаа гаргахад бодлогоор стратегийн хөрөнгө оруулагчид хувьцааг нь эзэмшүүлэх зүй ёсны шаардлага бий” гэж ярив.
Стратегийнхаас гадна мэргэжлийн хөрөнгө оруулагч гэсэн ойлголт байдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэхийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж тодорхойлоогүй. Харин Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон биржийн бус зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцуулах бодлого баримталсан. Ингэхдээ журамд мэргэжлийн оролцогчийг шууд болон шууд бус гэж хоёр ангилахаар тусгасан юм. Шууд оролцогч нь андеррайтерын эрхтэй үнэт цаасны компаниуд байх аж. Тэгэхээр биржийн бус зах зээлд андеррайтерын эрхтэй компаниудыг мэргэжлийн оролцогч гэж үзсэн. Шууд бус оролцогч гэж хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжийг тодорхойлжээ. Тэдэнд нэг жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцсон туршлагатай, жилийн 500 сая төгрөгийн орлого, эсвэл үүнтэй дүйх хөрөнгөтэй байх гэсэн шалгуур тавьдаг. Өөрөөр мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэхийг тодорхойлсон зүйл алга. Хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, хөрөнгө оруулах бэлтгэлээ хангаж буй. Тэдний үйл ажиллагаа жигдэрсний дараа Монголын хөрөнгийн зах зээл мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай болох юм.
Нэг талаар стратегийн хөрөнгө оруулагч нь мэргэжлийнх байх учиртай. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулж, түүнийгээ өсгөх чадвартай байна гэсэн үг. Яагаад хөрөнгийн зах зээлийн нэр томьёог чухалчилж үзээд байна вэ гэж гайхаж магадгүй. Ялангуяа стратегийн хөрөнгө оруулагч гэсэн нэр томьёог яагаад онцолсон юм бол гэж асууж мэднэ. Стратегийн хөрөнгө оруулагч нь тухайн компанийн үйл ажиллагаанд жинтэй нөлөө үзүүлдэг учраас онцгойлон авч үздэг. Үүгээр зогсохгүй стратегийн хөрөнгө оруулагч нь тухайн компаниар дамжуулж, зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах тохиолдол ч бий.
Төрийн мэдэлд 100 хувь байсан “Монголын хөрөнгийн бирж” компани өнгөрсөн оны төгсгөлд нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд арилжсан. Олон нийтэд санал болгож буй хувьцааныхаа 90 хувийг стратегийн хөрөнгө оруулагчид худалдана гэсэн шийдвэр гаргасан нь хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг зарим хүний дургүйцлийг төрүүлсэн юм. Тэд хөрөнгийн биржийн хувьцааг мөнгө ихтэй цөөн хүнд худалдах гэж байна гэж мэдэгдэв. Нийт хувьцааных нь 30 хувийг стратегийн хөрөнгө оруулагчид худалдахаар төлөвлөсөн хэрэг. Ингэхдээ стратегийн нэг хөрөнгө оруулагчид компанийн нийт хувьцааны таваас ихгүй хувийг арилжина гэж заасан. Үүнийдагуу хувьцаагаа арилжсан бол “Монголын хөрөнгийн бирж” стратегийн зургаан хөрөнгө оруулагчтай болох байжээ.
Гэтэл олон нийтийн шүүмжлэлээс болгоомжлон татан төвлөрүүлэх хөрөнгийнхөө 70 хувь буюу 8.3 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдад арилжихаар болсон. Ингэхдээ стратегийн нэг хөрөнгө оруулагч 100 сая төгрөгтхувьцаа худалдаж авах эрх олгов. Улмаар 100 сая төгрөгтхувьцаа худалдаж авахаар эхэлж захиалга өгсөн 83 хөрөнгө оруулагчийг стратегийнх гэж үзэхээр болсон юм. Энэ үйл явдал 100 сая төгрөгөөр тухайн компанийн хувьцааны нэг хүрэхгүй хувийг худалдаж авсан хүнийг стратегийн хөрөнгө оруулагч гэж үзэх үү гэсэн асуултыг дагуулав. Улмаар хэнийг стратегийн хөрөнгө оруулагч гэж үзэх юм бэ гэсэн хэлэлцүүлгийг санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн дунд үүсгээд байна.
Хамгийн түрүүнд стратегийн хөрөнгө оруулагчийг мөнгөөр хэмжих нь зөв үү гэсэн асуулт гарч буй. Одоогийн нөхцөлд 100 сая төгрөгөөр хувьцаа худалдаж авч буй иргэн, аж ахуйн нэгжийг стратегийн хөрөнгө оруулагч гэж үзэх ямар ч үндэсгүй. Ингэх нь хөрөнгийн зах зээлийнхэн дунд шоглоом мэт санагдаж байгаа. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд стратегийн хөрөнгө оруулагчдыг хувьцаа худалдаж авч буй мөнгөн дүнгээр нь тодорхойлохыг буруутгаж буй. Харин тухайн компанийн хувьцаанаас Төлөөлөн удирдах зөвлөлд нь төлөөллөө томилуулах хэмжээний хувийг худалдаж авсан, авах санал гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг стратегийн хөрөнгө оруулагч гэж үзэх нь зөв гэдэг. Тэгэхээр тухай компанийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийг стратегийн хөрөнгө оруулагч гэж үзэх. Стратегийн хөрөнгө оруулагч гэж худалдаж авсан хувьцааных нь ханш өсөнгүүт арилжчихаад яваад өгдөг этгээдийг хэлэхгүй гэдэгт хөрөнгийн зах зээлийнхэн санал нэгдэж байна. Дор хаяж таван жил хувьцаагаа арилжихгүй хадгалах этгээдийг стратегийн хөрөнгө оруулагч гэж үзэх гэнэ.
Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд тухайн компанийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэг. Төлөөлөн удирдах зөвлөлд нь төлөөллөө оруулдаг. Таван жилээс дээш буюу урт хугацаанд хөрөнгө оруулах сонирхолтой этгээдийг стратегийн хөрөнгө оруулагч гэж үзэх нь. Төлөөлөн удирдах зөвлөлд нь төлөөллөө оруулах эрхтэй байх, урт хугацаанд хөрөнгө оруулах сонирхолтой байх гэдгийн цаана тухайн компанийн үйл ажиллагаа, бодлого, менежментэд оролцох гэсэн санаа явж буй. Өөрөөр хэлбэл, стратегийн хөрөнгө оруулагч нь тухайн компани өгөөжтэй ажиллах, эсэхэд санаа тавьдаг байх шаардлагатай гэсэн үг.
Засгийн газраас төрийн өмчит компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжих шийдвэр гаргасан. Цаашид ч уул уурхайн томоохон компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих нь тодорхой боллоо. Төрийн өмчит компанийн хувьцааг 2-3 стратегийн хөрөнгө оруулагчид худалдах нь зүйтэй гэж хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд үзэж байна. Ингэхдээ хөрөнгө оруулагч нь тухайн салбарт ажилласан арвин туршлагатай, компанийн үйл ажиллагаа сайжруулахад эерэг нөлөөтэй байвал сайн гэнэ. Жишээ нь, Монголын хөрөнгийн биржийн хувьцааны 10 хувийг Лондоныхөрөнгийн биржид худалдаж, стратегийн хөрөнгө оруулагч болгосон бол хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд жинхэнэ шаардлага хангасан стратегийн хөрөнгө оруулагч гэж үзэх нь байна. Стратегийн хөрөнгө оруулагчид хувьцаагаа урт хугацаанд хадгалж, ханшийг тогтвортой байлгадаг. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөллөө оруулж, хяналт, хариуцлагын тогтолцоо бүрдүүлдэг, сайн жишгийг нутагшуулдаг гэх мэт давуу талтай.
Монголын хөрөнгийн бирж 7100 хувьцаа эзэмшигчтэй болсон. Гэвч Төлөөлөн удирдах зөвлөлд нь багтаж, үйл ажиллагаанд нь нөлөөлөх хэмжээний саналын эрхтэй хөрөнгө оруулагч байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь талаас илүүг төрийн төлөөлөл бүрдүүлж, давамгай шийдвэр гаргасаар байх болно. Хэрэв бирж хөгжүүлсэн арвин туршлагатай стратегийн хөрөнгө оруулагч оруулж ирсэн бол огтөөр дүр зураг харагдах нь тодорхой. Иймээс Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж зах зээлийг хөгжүүлэх талаас харж байвал стратегийнхөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх талаар нухацтай бодох ёстой юм.