БНХАУ-ын “Шиамень Голден Драгон Бус” ХХК-иас 224 автобус авахаар хотын удирдлага гэрээ байгуулсан. Эхний ээлжийн 30 автобусыг өнөөдөр нийслэлд авчирчээ. Улмаар энэ долоо хоногт багтаан 100 автобус авчрах гэнэ. Манай бэлтгэгдсэн жолооч нар Эрээн хотод очиж, автобусаа унаж нийслэлд ирсэн гэнэ. Нэг автобусны өртөг 340 орчим сая төгрөг юм байна. Харин нийт өртөг 77.3 тэрбум төгрөг аж. Автобусуудыг тав хоногийн дотор бүртгэж, дугаар олгож, смарт карт таниулах аж. Хамгийн гол нь техникийн үзлэг хийж, стандартад нийцэж буй эсэхийг нь шалгах юм байна. Улмаар ирэх долоо хоногт нийтийн тээврийн үйлчилгээнд оруулна хэмээн нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Шинээр оруулж ирсэн автобус зургаан халаагууртай учраас өвөлдөө цантахгүй, зундаа агааржуулагчтай байх юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй автобус гэдгийг онцолсон билээ.
Шинэ автобусны техникийн үзүүлэлт
- Автобуснууд нь 2022 онд шинээр үйлдвэрлэгдсэн.
- Шинэ автобус нь евро стандартын шаардлага хангасан 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй.
- Их багтаамжтай автобусны хана, тааз, шал гал, усанд тэсвэртэй материалаар хийгдсэн бөгөөд туршилтаар нотлогдсон.
- Шил хажуу шил нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар(вакум) шилтэй.
- Өвлийн улиралд цонхнууд цантахгүй, давхар вакум шилтэй бөгөөд хажуу талын цонхнууд нь гулсаж онгойдог байна.
- Заалны 6 ширхэг иж дулаацуулгын системтэй тул өвлийн улиралд дулаан байна.
- Агааржуулалтын систем (Air condition) салхивчтай байх бөгөөд агааржуулалтын систем нь зуны улиралд хүйтнээр үлээх төхөөрөмжтэй байна.
- Хийн нумтай, нам түвшний шалтай тул иргэд зорчиход тухтай орчинг бүрдүүлсэн.
- Жолоочийн суудлыг зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга ярих систем суурилуулсан тохилог орчныг бүрдүүлсэн.
- Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу өнгө үзэмж, өнгө төрх, уламжлалыг хадгалсан гадна загвартай.
Нэмэлт шаардлага
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй тэр нь стандартад заасан зай хэмжээг хангасан.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний бууж, суух тусгай механик төхөөрөмжийг зориулалтын дагуу хийсэн.
- Тээврийн хэрэгслийн урд, баруун, хойд гэсэн гурван талд гадагш харсан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэц самбартай.
- Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай байна.