Өмнөх дугаарт оруулсан тоо баримтаас бид доорх дүгнэлтүүдэд хүрч болно. Өмнөх дугаар https://www.unuudur.mn/a/252696
1. Zarig.mn сайт нь 2022 оны арваннэгдүгээр сарын 1-10-ныг хүртэлх 10 өдрийн хугацаанд улс төрийн нийт 50 мэдээ нийтэлжээ. Эдгээр мэдээнээс хүмүүсийн хамгийн их анхаарч, олон сэтгэгдэл үлдээсэн нь дандаа улстөрчдийн маргаан, эсвэл улс төрөөс болж хэн нэг нь ажлаас халагдсан, улс оронд хууль цааз хэрэгжүүлдэггүйтэй холбоотой байлаа. Жишээ нь “Б.Болор-Эрдэнэ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө” гэдэг мэдээний доор 70, “С.Баярцогт: Би 500 гаруй хоног шоронд суусан, энэ хугацаанд Монгол Улсад хууль бус, хүн засагладаг тогтолцоотойг ойлголоо” гэдэг мэдээний доор 61, “Б.Жавхлан: Хөгжлийн банкийг ийм байдалд оруулсан Н.Алтанхуяг танд Монгол Улсын өр зээлийн асуудлаар дуугарах эрх байхгүй шүү” гэдэг мэдээний доор 44 сэтгэгдэл үлдээсэн байв. Яг эсрэгээрээ эерэг мэдээнүүдэд хүмүүс анхаарлаа нэг их хандуулахгүй ба сэтгэгдэл ч цөөхөн. Жишээ нь, “Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх санал дэмжигдлээ” гэдэг мэдээний доор нэг, “Франц Улс 2030 он гэхэд тэрбум мод тарина” гэсэнд хоёр, “Х.Ганхуяг: Гандан орчмын айл өрхүүд төвийн шугамд холбогдож хувийн байшиндаа таатай амьдрах нөхцөл бүрдсэн” гэдэгт зөвхөн найман сэтгэгдэл л үлдээжээ. Эдгээр тоо баримт нь хүмүүсийн сэтгэл зүй сөрөг зүйлд илүү мэдрэмтгий, сөрөг мэдээллийг хүмүүс өөрсдөдөө хамаатуулж хүлээж авахдаа сайн, сөрөг мэдээ эергээ бодвол хүмүүст илүү сэргэгээр нөлөөлдөг нь үнэн болохыг батална.
2. Судалгаанд багтсан 50 мэдээний доор уншигчид нийт 737 сэтгэгдэл үлдээсэн. Үүнд эерэг 42, сөрөг 476, дундыг барьсан 150, уг мэдээлэлтэй ямар ч холбоогүй 69 сэтгэгдэл багтаж байв. Сөрөг сэтгэгдэл нь эергээсээ 10 дахинаас ч илүү байна. Хараасан, заналхийлсэн, гомдсон, гутарсан, итгэл алдарсан сэтгэгдлүүд голлож буйгаас харвал Монголын нийгэмд ч мэдээнээс үүдэлтэй стресс маш их газар авсныг батална. Судлаачдын үзэж буйгаар стресс нь хувь хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Тодруулбал, цусны даралт, зүрхний цохилтыг нэмэгдүүлж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Мөн дархлалын идэвхийг бууруулж, өсөлтийн асуудлууд үүсгэхээс гадна элдэв халдварт өртөх магадлалыг нэмэгдүүлнэ.
ГУРАВ. МЭДЭЭНИЙ БУСАД СӨРӨГ НӨЛӨӨ
Асар их мэдээ мэдээллийг богинохон хугацаанд хүртэх, эсвэл сөрөг мэдээллийг асар их хэмжээгээр хүлээж авах нь хүний сэтгэлийн тэнхээг мохоох, ажлын бүтээмжийг бууруулах зэрэг олон сөрөг нөлөө агуулдаг.
1. Их хэмжээний мэдээ үзэх нь сэтгэлийн тэнхээгмохоодог
“Сэтгэлийн тэнхээ гэдэг бол хүний тавьсан зорилгодоо хүрэхэд өөрийн бүх хүчийг дайчлах, өөрийн зан үйлийг ухамсартайгаар удирдан жолоодох чадвар юм” (Б.Батсайхан, М.Дэлгэржав “Ерөнхий сэтгэл судлал”, Улаанбаатар, 2013 он, 194 дүгээр тал). Америкийн сэтгэлзүйч, профессор Рой Баумейстер сэтгэлийн тэнхээг хүний булчинтай адил гэж үзжээ. “Марафонд гүйсний дараа булчин тэр дороо эргэж сэргэдэггүй. Урт удаан хугацаанд ашиглаж, хэрэглэсний дараа булчинд байгаа АТФ (аденозин трифосфат) дуусдаг бөгөөд амарч байж дахин цэнэглэгддэг” (Ролф Добэлли “Мэдээ уншихаа боль”, Улаанбаатар, 2020 он, 77-78 дугаар тал). Р.Баумейстерийн үзэж байгаагаар сэтгэлийн тэнхээ бас яг үүнтэй адил дуусаж дундардаг. Сэтгэлийн тэнхээ дуусах юм бол хүнд өөрийн зан үйлээ ухамсартайгаар удирдан жолоодож, бүх хүчээ дайчлан тавьсан зорилгодоо хүрэх чин зориг үлдэхгүйд хүргэнэ. Тийм ч учраас хүмүүс ажилтай үедээ, эсвэл ажлынхаа өдөр их хэмжээний мэдээ үзвэл тухайлсан ажлаа хийх чадваргүй болдог тухай тэрбээр бичжээ.
2. Сөрөг мэдээ үзэх нь
ажлын бүтээмжийг бууруулдаг
Пенсильванийн их сургуулийн сэтгэл зүйн ухааны эрдэмтдийн багийн туршилтаар сөрөг мэдээлэлд хэдхэн минут зарцуулсан ч ажлын бүтээмж мууддаг үр дүн гарчээ. Туршилтад хамруулсан хүмүүсийг хоёр хэсэг болгон хувааж, нэг хэсэгт нь сөрөг, нөгөөднь эерэг мэдээллийг тус тус гурван минутын турш сонсгожээ. Гурван минутын турш эерэг мэдээлэл сонсоод ажлаа эхэлсэн хүмүүсийн бүтээмж сөрөг мэдээлэл сонссон хүмүүсийнхээс 27 хувиар илүү байв (https://www.trends.mn/n/3809).
Үүнээс гадна асар их мэдээ мэдээллийг богинохон хугацаанд хүртэх, эсвэл сөрөг мэдээллийг асар их хэмжээгээр хүлээж авах нь хүмүүсийг түрэмгий авиртай, догшин, хэрцгий, өрөвч сэтгэлгүй, хүйтэн болгох, асуудлыг өргөн хүрээнд харж чадахыг болиулах зэрэг олон сөрөг талтайг эрдэмтэд судлан тогтоожээ.
ДҮГНЭЛТ
Энэхүү бичвэрээр Монголын хамгийн олон дэмжигчтэй, уншигчтай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг zarig.mn сайтын нийтэлж буй мэдээ мэдээлэл нь хүмүүсийн бие сэтгэцийн эрүүл мэнд, тархи оюуны хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг судлан, дүгнэхийг зорьсон юм. Судалгааны дүнд дараах дүгнэлтийг хийлээ.
1. Асар их мэдээ мэдээлэл нь анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлж байна.
1.1. Zarig.mn сайт нь маш богино хугацаанд асар их мэдээ мэдээлэл нийтэлдэг. Үүнийг сэтгүүл зүйн үүднээс бол мэдээллийн багтаамж сайтай, шуурхай байх зарчмыг сайтар баримталж, мэдээлэх үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж үзэж болно. Гэвч сэтгэл судлалын үүднээс энэ нь анхаарал төвлөрөлтөд сөрөг нөлөө үзүүлж, хүмүүсийн анхаарлыг сарниулдаг талтай.
1.2. “Анхаарлын төвлөрөлт нь хүн үзэгдэл, юмсыг гүн гүнзгий танин мэдэх, юмсын бүтэц, хэлбэр, мөн чанарын талаарх төсөөлөл тодорхой болоход тусална” (Б.Батсайхан, М.Дэлгэржав “Ерөнхий сэтгэл судлал”, Улаанбаатар, 2013 он, 127 дугаар тал). Харин “анхаарал сарнилт нь яг эсрэгээрээ, танин мэдэх үйл явц болон зайлшгүй хийх шаардлагатай ажлыг гүйцэтгэхэд саад болж байдаг” (Б.Батсайхан, М.Дэлгэржав “Ерөнхий сэтгэл судлал”, Улаанбаатар, 2013 он, 129 дүгээр тал). Тийм ч учраас zarig.mn сайтын эдгээр мэдээ нь хүмүүсийн үзэгдэл, юмсыг гүн гүнзгий танин мэдэх, юмсын бүтэц, хэлбэр, мөн чанарын талаарх төсөөлөл тодорхой болоход маш их сөрөг нөлөө үзүүлж байна.
1.3. Философич Ницше “Амсхийх чөлөөгүй болсноор бидний соёл иргэншлийг зэрлэг харанхуй нөмрөн авна” (Хан Бён Чоль “Тамирдсан нийгэм”, Улаанбаатар, 2020 он, 25 дугаар тал) гэж бичжээ. Учир нь амсхийх чөлөөгүй болсноор хүмүүс анхаарал төвлөрөх чадвараа алдана. Зөвхөн “Гүнзгий анхаарал төвлөрөх боломжтой орчинд л соёл бий болдог” (Хан Бён Чоль “Тамирдсан нийгэм”, Улаанбаатар, 2020 он, 22 дугаар тал) талтай. Тэгвэл zarig.mn сайтыг багтаасан Монголын олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь асар их мэдээ мэдээллээр ард түмнийг булж буйг макро талаас авч үзвэл өнөөгийн Монголын нийгмийг улам бүр зэрлэг харанхуй, байгалийн шинжтэй болгоход идэвхтэйүүрэг гүйцэтгэж байна гэж дүгнэлээ.
2. Сөрөг мэдээ мэдээлэл нь стресс бий болгодог.
2.1 Zarig.mn сайт нь асар их хэмжээний сөрөг мэдээ мэдээлэл нийтэлдэг. Энэ нь сэтгүүлч нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг олж илрүүлэн, баримт мэдээллээр тодруулан хөндөж бичдэгтэй холбоотой.
2.2 Хүмүүсийн хамгийн их анхаарч, олон сэтгэгдэл үлдээсэн мэдээнүүд нь дандаа сөрөг агуулгатай. Яг эсрэгээрээ эерэг мэдээнүүдэд хүмүүс анхаарлаа нэг их хандуулаагүй ба үлдээсэн сэтгэгдэл ч цөөхөн байна. Энэ нь хүний сэтгэл зүй сөрөг зүйлд илүү мэдрэмтгий байдаг, сөрөг мэдээллийг хүмүүс өөрсдөдөө хамаатуулж хүлээж авахдаа сайн, сөрөг мэдээ ньэерэгээ бодвол хүмүүст илүү сэргэгээр нөлөөлдөгтэй холбоотой.
2.3 Монголын нийгэмд мэдээнээс үүдэлтэй стресс маш их газар авч буйг zarig.mn сайтын мэдээнүүдийн доор үлдээсэн уншигчдын сэтгэгдэл харуулна. Харин zarig.mn сайтыг багтаасан Монголын их олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүмүүсийн сөрөг зүйлд илүү мэдрэмтгий ханддаг сэтгэл зүйн онцлогийг мэргэжлийн түвшинд ашиглан, их хэмжээний сөрөг мэдээлэл нийтэлж буй нь нийгмийг тэр чигт нь айдас хүйдэс, стресст автуулж, хувь хүний эрүүл мэндэд ч маш их сөрөг нөлөө үзүүлж байна.
3. Асар их мэдээ мэдээллийг богинохон хугацаанд хүртэх, эсвэл сөрөг мэдээллийг асар их хэмжээгээр хүлээж авах нь бас хүний сэтгэлийн тэнхээг мохоох, ажлын бүтээмжийг бууруулах, хүмүүсийг түрэмгий авиртай, догшин, хэрцгий, өрөвч сэтгэлгүй хүйтэн болгох, асуудлыг өргөн хүрээнд харж чадахаа болиулах зэрэг олон сөрөг талтай.
4. Мэдээлэх үүрэг нь “сэтгүүл зүйн гол үүрэг... сэтгүүл зүй анх гарч ирэхдээ мэдээлэл түгээх, олон түмний мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилтын үүднээс бий болсон” (М.Зулькафиль “Сэтгүүл зүйн тайлбар толь”, Улаанбаатар, 2018 он, 228 дугаар тал). Хэвлэл мэдээллийн байгуулга, редакц, сэтгүүлчид энэхүү үүргээ умарталгүй, сайтар гүйцэтгэхийн зэрэгцээ бас иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна. “Хариуцлага гэдэг бол сэтгүүлчийн мэргэжлийн үүргийн илрэл (түүнийг ухамсарлах, хүлээн авах, биелүүлэх хэм хэмжээ), өөрийнхөө байр суурийг, үйл ажиллагааг, түүний үр дүнг нийгмийн бодит шаардлагатай нийцүүлэх чадвар юм” (М.Зулькафиль “Сэтгүүл зүйн онолын үндсэн”, Улаанбаатар, 2004 он, 376 дугаар тал). Тийм ч учраас сэтгүүлчид өнөөгийн Монголын нийгмийг бүхэлд нь хамарсан мэдээнээс үүдэлтэй айдас хүйдэс, стресс, сэтгэл гутрал, анхаарал сарнилт, хувь хүний эрүүл мэнд зэрэг тулгамдсан асуудлыг сэргэгээр мэдэрч, мэдээлэх үүрэг хийгээд иргэний хариуцлагаа аль алиныг нь тэгш ухамсарлан, алтан дунджийг барьж ажиллах нь чухал байна.