Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд их, дээд сургуулиудыг Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон орон нутагт хөгжүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Улмаар ШУТИС-ийн харьяа, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн хичээлийн байрны өргөтгөл, багш, оюутны байрны бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх, Дархан-Уул аймгийн их, дээд сургууль, политехник коллежуудыг ногоон хотхон болгох ажлыг эрчимжүүлэхийг салбарын сайдад чиглэл болголоо. Мөн Дархан-Уул, Ховд аймаг дахь Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборын ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, их, дээд сургууль, шинжлэх ухааны болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад улсын төсөв, Засгийн газар хоорондын гэрээ, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар барих барилга байгууламжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, захиалагчийн болон техникийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг салбартаазохион байгуулах боломжийг судлан танилцуулж, шийдвэрлүүлэхийг сайдад нь даалгасан юм.