“Өвөрхангай аймгийн Уянга сумын Бага өлтийн аманд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авсан “Өгөөмөр өргөө” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэн, тэмцэж эхэллээ” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд саяхан тархаад, төд удалгүй намжсан билээ. Тус компани Уянга сумын нутагт 10 орчим жил үйл ажиллагаа явуулахдаа Их өлтийн хөндийг улаан шороо хуйларсан тал болгож хувиргасан учраас шинэ газарт дахин олборлолт хийхийг малчид дуу нэгтэй эсэргүүцэж буй гэсэн ойлголт, мэдээллийг тухайн үед өгсөн. Үүнийг уул уурхайнхантай учир зүггүй дайсагнаж, сав л хийвэл тэднийг хөөж туудаг малчдын тэмцлийн нэг хэлбэр л гэж харж байсан юм. Гэвч бодит байдалд энэ нь хий хоосон дайсагнал, сүржигнэл биш, харин ч төрийн байгууллагынхны хууль бус шийдвэр, дүгнэлтийг эсэргүүцсэн тэмцэл байжээ. “Өгөөмөр өргөө” ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн цаана кадастртай холбоотой ноцтой асуудал буйг эх сурвалжууд мэдээлэв.
Дээрх компанид Уянга сумын III, VII багийн нутаг, Бага өлтийн аман дахь 1400 га талбайд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлАМГТГ-аас 2022 оны эхээр олгожээ. Ингэхдээ тухайн бүс дэх Цэцэнгийн, Даянгийн, Бага өлтийн зэрэг гурван гол, 18 булгийг ашиглалтын талбайд давхцуулан өгсөнбайна. Хамгийн хачирхалтай нь, хоёр багийн иргэдийн олон арван жилийн турш ундаалж, мал сүргээ ойр орчимд нь идээшлүүлж ирсэн эдгээр гол, булгийг БОАЖЯ-ныхан кадастрын мэдээллийн сандаа бүртгэж, тэмдэглээгүй байсан гэнэ. Энэ нь тус компанийн ашиглалтын талбайг ямар нэг давхцалгүй гэж дүгнэж, тусгай зөвшөөрөл олгох нөхцөл бүрдүүлжээ. БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяагаас ийм олон тооны усны эх үүсвэрийг яагаад холбогдох бүртгэлд оруулаагүй шалтгааныг тодруулахад “Жил болгоны усны тооллогоор зарим бүс голтой, голгүй янз бүр байдаг. Тасарч, ширгэсэн голууд хур бороо ихтэй жил сэргэх тохиолдол бий. Тэр үед нь сав газрын захиргаадаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн хамгаалалтын бүс татаж, мэдээллийн сандаа бүртгэдэг. Эдгээр голд хамгаалалт татаагүй байсан гэсэн үг. Өмнө нь давхцалгүй байсан газарт гол бүртгэгдэж, сав газраас нь хамгаалалтад авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд хуулиараа уурхайн үйл ажиллагааг хориглох ёстой. Эсвэл давхцалтай хэсгийн талбайг хасдаг” гэв. Түүний энэ тайлбараас Бага өлтийн аман дахь эдгээр гол, булаг шанд байгаль, цаг уурын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд ширгэж, алга болсон, хариуцсан сав газрын захиргаа нь тэдгээрийг хамгаалалтад авах санал, хүсэлт гаргаагүй учраас л бүртгэлээс гээгдсэн гэж ойлгогдохоор байгаа юм. Гэтэл тус хэсгийг хариуцсан Онги-Таац голын сав газрын захиргааны дарга С.Дуламрагчаа “Эдгээр нь манай байгууллагад бүртгэлтэй, БОАЖЯ-нд л бүртгэлгүй байж. Ийм асуудал үүссэнтэй холбогдуулан шаардлагатай мэдээллийг яамны кадастрын хэлтэст өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хоёр удаа хүргүүллээ. “Өгөөмөр өргөө” ХХК-ийн хайгуулын талбайд 18 булаг байсан бол ашиглалтынхад нь эдгээрээс гурав нь л орсон” гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Тэрбээр БОАЖЯ-ныхныг л хариуцлага алдсан гэж дүгнэхээр хариулт хэлэв. Гэтэл яамныхан сав газрын захиргааг буруутгаж буй.
Уянга сумын III, VII багийн малчдын төлөөлөл “Өгөөмөр өргөө” ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар өнгөрсөн оны сүүлчээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл тус компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа аж. Тэд БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийнхнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, уул уурхайн компанид “гарын үсгээ худалдсан” гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох мэдээллийг кадастрын санд тэмдэглэлгүй үлдээсэн юм биш, зориуд байхгүй болгож, хууль бус шийдвэр гаргасан гэж хардаж буй юм. Эл хэргийг шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцож байгаа III багийн Засаг дарга Н.Хүрэлбаатар “Онги-Таац голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд “Өгөөмөр өргөө”-гийн хайгуулын талбай дахь гурван гол, 18 булгийн зураг авч, солбилцлыг нь тогтоосон байтал БОАЖЯ-ныхан “Ямар ч гол усгүй, давхцалгүй” гээд дүгнэлт, лавлагаа гаргаад өгчихсөн юм билээ. Ширгэх байтугай идэр есийн хүйтэнд ч оргилоод хөлдчихсөн, хүүхэд багачууд гулгаж тоглодог томоохон булгуудтай шүү дээ. Тэндээс хүн, малгүй бүгд ундаалдаг. Тиймээс иргэд өөрсдийн санаачилгаар хашиж, хамгаалаад байсан юм. Гэтэл яамныхан ширгэж, алга болсон гэлээ. Нутгийн иргэд эртнээс нэр оноон, хайрлан хамгаалж ирсэн, өчнөөн олон айлынундыгзалгуулдаг булаг шандыг байхгүй болгож, үгүйсгэнэ гэдэг маш хариуцлагүй явдал. Үүний цаана авлига, хээл хахуулийн сэдэл бий гэж харж байна. Ажлаа мэддэггүй тэнэг, эсвэл нөлөөнд автсан хүн л ийм шийдвэр гаргана. Шүүгчид төрийн байгууллагын энэ мэт баталгаагүй мэдээлэл, төрийн албан хаагчийн гарын үсэгтэй худал дүгнэлтэд үндэслэн буруу шийдвэр гаргах вий гэж болгоомжилж байгаа. Ийм зүйл болох магадлалтай. Мөн тус компани хайгуулаа хуулийн хүрээнд, тогтсон хугацаанд хийгээгүй, шаардлагатай бичиг баримтуудыг дутуу бүрдүүлсэн” хэмээн ярьсан юм. Харин VII багийн Засаг дарга Б.Тамсаг “Булаг шандууд ширгэсэн, байхгүй болсон гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл. Яг хэвээрээ байгаа. Байх байхдаа малчид өдөр тутам унд усаа залгуулж, ашигладаг. БОАЖЯ-ныхан л тухайн хэсэгт уст цэг тэмдэглэгдээгүй гээд үгүйсгээд байгаа юм. Манай багийн нутагт хамаарах хэсэгт л гэхэд есөн булаг байдаг. Тус компанийн ашиглалтын талбайн ойр хавьд 200 орчим өрх бий. Энэ айлын хүмүүс “Уурхайнхан газар нутгийг минь хэзээ сүйдэлж, хайрлан хамгаалж ирсэн булаг шандыг минь үгүй хийх бол” гэсэн байнгын айдастай амьдарч байгаа” гэв. Уянга сумын Засаг дарга Б.Бямбадорж ч кадастрын мэдээллийн сангаас хасагдах хэмжээнд ширгэж, дундарсан гол, булаг тэнд байхгүй гэдгийг хэллээ.
БОАЖЯ-ныхан холбогдох мэдээллийг кадастр тэмдэглэлгүй үлдээсэн үү. Эсвэл дээрх иргэдийн хэлж буйчлан зориудаар байхгүй болгож, уул уурхайн компанид үйлчилсэн үү. Аль нь ч байлаа гэсэн тэд байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хувьд маш хариуцлагагүй, ноцтой алдаа гаргасан харагдаж байна. Газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд, ялангуяа уул уурхайн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход кадастрын зургийг гол баримт болгодог. Тухайн талбайд ямар нэг давхцал үүссэн, эсэхийг үүгээр шалгадаг. Гэтэл төрийн зарим байгууллагынхны хариуцлагагүй байдал, буруутай үйлдлээс болж энэ баримт үүргээ гүйцэтгэж чадахгүй, маргааны үндэс болсоннь харамсалтай. Яг үүнтэй төстэй хэрэг сүүлийн жилүүдэд цөөнгүй гарчээ. Нэгэн төрийн бус байгууллагынхан гэхэд ийм жишээ зургааг “илрүүлээд” буй гэнэ. Баянхонгорын Байдраг, Архангайн Чулуут зэрэг томоохон гол дээр ч ийм асуудал бүртгэгдсэн аж. БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа ч “Тодорхой тоо хэлж мэдэхгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд ийм асуудал нэлээд үүсэж байгаа” гэсэн юм. Тэр болгонд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэр гарч эхэлсэн учраас салбарын сайд нь зөвлөлийн хурлаараа үүнийг онцгойлон хэлэлцэж, зөрчил гарсан бүсүүдэд яамныхаа мэргэжилтнүүдийг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх. Тус яамны мэргэжилтнүүд газар гэсэж, дулаармагц Баянхонгор, Өвөрхангай аймгаар явж, кадастрын мэдээллийн сангаас гээгдсэн гол горхи, булаг шандыг нүдээр үзэж, гараар барьж баталгаажуулах юм байх. Үүний дотор Уянга сумын Бага өлтийн ам ч багтжээ.
Энэ хэрэг явдал манай улсын төрийн байгууллагууд шат шатандаа ямар хариуцлагагүй байдгийгхарууллаа. Нөгөөтээгүүр, цахим хөгжүүлэлт нэрийн доор хийж байгаа мэдээллийн нэгдсэн сан, бүртгэлийн системүүдийг боловсронгуй болгох, шинэчлэх ажил ямар түвшинд байгааг, тэдгээрт хяналт тавих чиг үүрэгтэй хүмүүс үүргээ хэр хэмжээнд гүйцэтгэж буйг эндээс баримжаалж болох юм. Солбицол, давхцлыг үнэн зөв тодорхойлоход тус нэмэр болж чаддаггүй, хүссэн хэн нэг нь халдах, өгөгдлийг нь өөрчлөх боломжтой мэдээллийн сан, кадастрын бүртгэл ч гэж юу байх вэ.
Бэлтгэсэн И.Мишээл