Нэг сарын хугацаагаар цагдан хорьж байсан "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг эрүүл мэндийн шалтгаанаар сулласан гэдгийг шүүхээс мэдээллээ.
Тодруулбал, Прокуророос “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татаж, цагдан хорих санал гаргасан. Шүүх прокурорын саналыг өнгөрсөн сарын 12-ны өдөр хэлэлцээд Х.Нурлатад нэг сарын хугацаагаар цагдан хорьсон.
Түүнчлэн Х.Нурлатыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата хотод хууль бусаар тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьж байгуулсан хэрэгт мөн холбогдуулан шалгаж байна.