Бид мэдээ мэдээллийн эрин үед амьдарч байна. Эрин үе бүр өөрийн гэсэн өвчин, зовуурьтай байсаар ирсэн. Тэгвэл бидний амьдарч буй мэдээ мэдээллийн энэ эрин үеийн хамгийн том өвчин юу вэ. “Антибиотикийн нээлт бактерийн эрин үеийг дуусгавар болгож, халдварт томуунаас айх айдас арилаагүй ч дархлааны технологийн тусламжтайгаар бид вирусийн эрин үеийг аль хэдийн ардаа орхижээ. Эмгэг судлалын байр сууриас харвал XXI зууныг бактери, эсвэл вирус бус, харин нейрон тодорхойлно. Сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, ажлаас халшрах эмгэг зэрэг нейрологийн өвчлөлүүд XXI зууны эхэн үеийн эмгэг судлалын шинжлэх ухааны дүр зургийг тодорхойлж байна. Эдгээр өвчин халдваргүй ч үхэлд хүргэх чадвартай” (Хан Бён Чоль “Тамирдсан нийгэм”, Улаанбаатар, 2020 он, тавдугаартал) байдаг.
Тэгвэл хүмүүсийг үхэлд хүргэх боломжтой эдгээр эмгэг өвчин нь сэтгүүл зүй, мэдээ мэдээлэлтэй хэрхэн холбогдож буйг судлах нь зөвхөн сэтгэл судлаачдын төдийгүй сэтгүүл зүй судлаачдын хувьд ч бас нэгэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ талаар “Хэвлэл мэдээллийн экологи” хэмээх шинэ салбарыг анхлан бий болгосон, Америкийн сэтгүүл зүй судлаач, шүүмжлэгч Нейл Постман, солонгос гаралтай Германы философич, соёлын онолч, Берлиний Урлагийн их сургуулийн профессор Хан Бён Чоль зэрэг гадаадын олон эрдэмтэн дорвитой судалгаа хийсэн байдаг. Гэсэн ч Монголын сэтгүүл зүй судлаачдын энэ талаар хийсэн судалгаа маш ховор.
Сассэкс их сургуулийн сэтгэл зүйн профессор, “Туршилтын сэтгэцийн эмгэг судлал” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Грэхэм Дэйви “Өнгөрсөн 15-20 жилийн хугацаанд хүмүүсийн мэдээ хүлээн авдаг хэлбэрүүд болон хүмүүст мэдээ хүргэж буй байдлууд эрс өөрчлөгджээ. Үүнээс болоод хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсэж байна” (Ролф Добэлли “Мэдээ уншихаа боль”, Улаанбаатар, 2020 он, 57 дугаар тал) гэж дүгнэсэн нь зөвхөн америкчууд төдийгүй монголчуудад ч хамаарах зүйл.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний статистикийн хороотой хамтран гаргасан судалгаагаар “Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрчээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь гар утастай байсан. Мөн 15 ба түүнээс дээш насныхны 31.5 хувь нь суурин компьютер ашигладаг бол цахим худалдаанд иргэдийн 29.9 хувь нь тодорхой хэмжээгээр оролцсон байна. Сүүлийн гурван сарын хугацаанд судалгаанд оролцсон иргэдийн 84.3 хувь нь интернэт ашигласан бөгөөд тэдний 95 хувь нь мэдээлэл авах зорилгоор интернэтийг ашигласан”(https://montsame.mn/mn/read/290432) гэсэн дүгнэлт гаргажээ.
Компьютер, гар утас, интернэтийн энэ мэт түргэн хөгжлийн ачаар бид улс оронд болж буй чухал үйл явдлуудыг маргаашийн сониноос, эсвэл телевизийн оройн мэдээнээс бус, харин тэр дор нь цахим сэтгүүл, мэдээллийн сайтуудаас олж харах боломж бүрдсэн юм. Гэхдээ үүнийг дагалдан хүмүүсийн бие, сэтгэлийн эрүүл мэнд, тархи, оюуны хөгжилд маш их сөрөг нөлөө үүсэж байна. Энэхүү бичвэрээр “Монголын хамгийн олон дэмжигчтэй, уншигчтай хэвлэл” (https://eguur.mn/321016/) болох zarig.mn сайтаас түгээж буй мэдээ мэдээлэл нь хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлан, дүгнэхийг зорилоо.
НЭГ. АСАР ИХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ХИЙГЭЭД АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТ
“Хүний сэтгэц ухамсар ямар нэг зүйл дээр чиглэн төвлөрөх процессыг анхаарал гэнэ. Хүн анхаарлын тусламжтайгаар орчин тойрондоо баримжаалж, юмс, үзэгдлийг зөв танин мэдэж чаддаг. Мөн анхаарлын тусламжтайгаар сэтгэцийн процессууд буюу танин мэдэх үйл явцын үр дүн нэмэгдэнэ. Анхааралгүйгээр хүртэж мэдрэх процесс явагдахгүй” (Б.Батсайхан, М.Дэлгэржав “Ерөнхий сэтгэл судлал”, Улаанбаатар, 2013 он, 122 дугаар тал).
Эндээс бид анхаарал нь хүний амьдрал, танин мэдэхүй, сэтгэцэд хэр чухал нөлөө үзүүлдгийг харж болно. Анхаарал нь дотроо олон шинж агуулдаг. Анхаарлын шинжүүдэд багтаамж, төвлөрөлт, хуваарилалт, тогтворжилт, шилжилт, анхаарлын сарнилт зэрэг багтана. Тэгвэл асар их мэдээ мэдээлэл нь анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлж, хүмүүсийн анхаарлыг сарниулдаг талтай. Учир нь “Анхаарлын объектын хүрээ бага байх тусам, хүртэгдэж буй объектын тоо цөөн байх тусам анхаарал илүү төвлөрдөг” (Б.Батсайхан, М.Дэлгэржав “Ерөнхий сэтгэл судлал”, Улаанбаатар, 2013 он, 127 дугаар тал). Харин эсрэгээрээ анхаарлын объектын хүрээ их, хүртэгдэж буй объектын тоо олон байх тусам анхаарал сарниж эхэлдэг. Тэгвэл асар их мэдээ мэдээллийг богинохон хугацаанд хүлээн авч байна гэдэг анхаарлын объектын хүрээ ихсэж, хүртэгдэж буй объектын тоо олширч байна гэсэн үг. Тийм ч учраас энэ нь хүмүүсийн анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлнө.
Тэгвэл zarig.mn сайт нь хэр олон мэдээ мэдээлэл түгээдэг, тэр нь хүмүүсийн анхаарал төвлөрөлтөд сөрөг нөлөө үзүүлэх, эсэхийг тухайн сайтын 2022 оны арваннэгдүгээр сарын 1-10 хүртэлх нийт 10 өдрийн хугацаанд нийтэлсэн мэдээнд судалгаа хийж, доорх хүснэгтээр харууллаа. Дараах судалгаануудыг zarig.mn албан ёсны сайтад нийтэлсэн мэдээ мэдээлэлд тулгуурлан хийсэн ба фэйсбүүк болон мэдээлэл түгээх бусад сувгийг хамруулаагүй болно. Үүнээс гадна уг сайт нийтэлсэн мэдээ мэдээллүүдээ нэлээд хэдэн ангилалд хуваасан бөгөөд энэ удаад улс төрийн болон нийгмийн гэх хоёр том ангилалд багтсан мэдээнд нь судалгаа хийхийг зорив.
Zarig.mn сайт нь энэхүү 10 өдрийн хугацаанд улс төрийн 50, нийгмийн 162, нийт 212 мэдээ нийтэлжээ. Хамгийн олондоо өдөрт 30, ихэнх өдөр 20-иос дээш, өдөрт дунджаар 21 мэдээ нийтэлсэн байна.
Солонгос, Германы нэрт философич, профессор Хан Бён Чоль олон мэдээллийг нэгэн зэрэг авч, олон үүрэг даалгаврыг нэгэн зэрэг биелүүлэх, өргөн цараатай атлаа гүехэн анхаарлын горимыг бий болгосон өнөөгийн нийгэм нь улам бүр зэрлэг байгалийн шинжтэй болж байгаа тухай шүүмжилжээ. Тэрбээр “Олон үүрэг нэгэн зэрэг биелүүлэх чадвар амьтанд л илүү хөгжсөн байдаг. Учир нь энэ бол зэрлэг байгальд амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай анхаарал төвлөрлийн техник юм. Амьтад идэж байх үедээ ч өөр үүрэг даалгаварт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Жишээлбэл, өрсөлдөгч нартаа идэш тэжээлээ алдахгүй байх хэрэгтэй. Мөн идэж байхдаа өөрөө идэш болчихгүйн тулд эргэн тойрноо тогтмол ажиглаж байх шаардлагатай. Үүнийхээ зэрэгцээ үр төлөө хамгаалж, үржлийн хамтрагчдаа ч анхаарал тавих хэрэгтэй. Зэрлэг байгальд амьтан анхаарлаа маш олон зүйлд хуваах шаардлагатай болдог. Ийм учраас л тэд эвцэлд орж байхдаа ч, идэж байхдаа ч хийж буй үйлдэлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх чадваргүй байдаг” (Хан Бён Чоль “Тамирдсан нийгэм”, Улаанбаатар, 2020 он, 21-22 дугаар тал) гэжээ.
Дээр дурдсан онолын мэдлэгүүд хийгээд тоо баримтуудаас харвал zarig.mn сайт нь богинохон хугацаанд асар их мэдээ мэдээлэл цацаж буйг сэтгүүл зүйн үүднээс бол мэдээллийн багтаамж сайтай, шуурхай байх зарчмыг сайтар баримталж, “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн угийн шинж чанарыг тодорхойлогч үндсэн үүрэг” (М.Зулькафиль “Сэтгүүл зүйн тайлбар толь”, Улаанбаатар, 2018 он, 228 дугаар тал) болох мэдээлэх үүргээ маш сайн гүйцэтгэж байна гэж үзэж болно. Гэвч нөгөө талаасаа энэ нь хүмүүсийн анхаарал төвлөрөлтөд сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд философич Хан Бён Чолийн дүгнэсэн шиг өнөөгийн нийгмийг улам бүр зэрлэг байгалийн шинжтэй болгоход идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
ХОЁР. СӨРӨГ МЭДЭЭЛЭЛ ХИЙГЭЭД МЭДЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙ СТРЕСС
“Сэтгүүлч нийгэмд болж бүтэхгүй, тулгамдаад байгаа асуудлуудыг олж илрүүлэн баримт мэдээллээр тодруулан хөндөж бичдэг. Энэ бол асуудал хөндөх алхам юм” (С.Амартүвшин, Ж.Батбаатар “Сэтгүүлчийн ур чадвар”, Улаанбаатар, 2014 он, 130 дугаар тал). Ингэж асуудал хөндсөнөөр нийгэмд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэн, тухайн асуудлыг хэрхэн шийдэх зөв арга замыг хайж олон, тэрхүү асуудлаас гарах зөв гарцыг бий болгох ач холбогдолтой. Нийгмийн амьдралд тулгарсан ээдрээ төвөгтэй, болж бүтэхгүй асуудлуудыг хөнддөг учраас уншигчдад муу муухай сэтгэгдэл төрүүлэм, сөрөг сэдэвтэй мэдээллүүд сэтгүүл зүйд их байдаг. Харин зарим хэвлэл мэдээллийн байгууллага хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг ашиглан зорилготойгоор их хэмжээний сөрөг мэдээлэл нийтэлдэг байна. Энэ тухай Швейцарын Гэгээн Галлены их сургуулийн эдийн засгийн ухааны доктор, судлаач Ролф Добэлли “Муу мэдээг хүмүүс өөрсдөдөө хамаатуулж хүлээж авдаг. Муу мэдээ сайныг бодвол хүмүүст хоёр дахин илүү нөлөө үзүүлдэг. Сэтгэл зүйд үүнийг сөрөг мэдээний давамгайлах үзэгдэл гэж нэрлэдэг. Хүмүүс цаанаасаа ийм сөрөг зүйлд мэдрэмтгий хандлагатай. Хэвлэл мэдээллийнхэн сөрөг зүйлээр биднийг булж байгаа юм биш, зүгээр л бидний сул талыг мэргэжлийн түвшинд ашиглан, бидний тархийг улам бүр эмзэглүүлэн, айж түгшим мэдээллүүдээр бөмбөгдөж байгаа юм” (Ролф Добэлли “Мэдээ уншихаа боль”, Улаанбаатар, 2020 он, 55-56 дугаар тал) гэж бичжээ.
Тэгвэл zarig.mn сайт нь хэр олон сөрөг мэдээлэл түгээдгийг тухайн сайтын 10 өдөр цацсан мэдээнд судалгаа хийж, дараах хүснэгтээр харууллаа.
Zarig.mn сайт нь энэ 10 өдрийн хугацаанд нийт 212 мэдээ цацсан ба тэдгээрийн дотор шууд тодорхойлж болохоор эерэг сэдэвтэй 46, сөрөг сэдэвтэй 86 мэдээ байна. Хамгийн олондоо өдөрт 16, дунджаар есөн сөрөг мэдээ цацжээ.
Сөрөг мэдээллийн үзүүлэх хамгийн муу нөлөө нь хүмүүсийг стресст оруулдаг. “Америкийн сэтгэл зүйн нийгэмлэгийн судалгаагаар насанд хүрсэн америкчуудын тэн хагас нь мэдээнээс үүдэлтэй стресст орсон шинж тэмдэг ажиглагдаж байгаа ажээ” (Ролф Добэлли “Мэдээ уншихаа боль”, Улаанбаатар, 2020 он, 56 дугаар тал). Тэгвэл бидний амьдарч буй Монголын нийгэмд мэдээнээс үүдэлтэй стресс хэр газар авч буйг zarig.mn сайтын мэдээ хийгээд тухайн мэдээнүүдийн доор үлдээсэн уншигчдын сэтгэгдэлд судалгаа хийж, доорх хүснэгтээр илэрхийллээ.
Энэхүү судалгааг zarig.mn сайтын 2022 оны арваннэгдүгээр сарын 1-10 хүртэлх 10 өдрийн хугацаанд нийтэлсэн улс төрийн 50 мэдээ хийгээд тэдгээрийн доор үлдээсэн уншигчдын сэтгэгдэлд үндэслэн хийв.
Үргэлжлэл бий.