Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцины оронд сүрьеэгийнхийг андуурч хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг асуудалтай холбоотойгоор аймгийн Засаг дарга захирамж гаргаж, хариуцлага алдсан гэх үндэслэлээр Эрүүл мэндийн газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага болон таван сувилагчид хариуцлагын арга хэмжээ авахаар болсон гэнэ. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж эхэлжээ. Уг асуудалтай холбоотойгоор нийслэлээс холбогдох албаныхан Сүхбаатар аймагт очиж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт нь хяналт, шалгалт хийсэн байна. Эдгээр байгууллагад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд мөрдөх стандарт, зааврын хэрэгжилт хангалтгүй, хүний нөөц дутагдалтай, дотоод хяналт сул байгааг уг шалгалтаар илрүүлжээ. Буруу вакцин тариулсан иргэдийн тухайд нийслэлд авчирч, өдгөө ХӨСҮТ-д эмчилж байгаа гэнэ. Тэдний биеийн байдлын талаар тус төвийн дэд захирал Ц.Чинбаяр “Иргэдийг бид энэ сарын 9-ний 20.00 цагт хүлээн авсан, биеийн байдал нь хэвийн. Долоон хүний тарилга хийлгэсэн газар нь улайсан, үрэвссэн шинж тэмдэг илэрсэн. Тэдгээр иргэн галзуугийн эсрэг вакцин хийлгээгүй учраас юуны өмнө үүгээр өвчлөх эрсдэлтэй, эсэхийг үнэллээ. Энэ үнэлгээгээр галзуугаар өвчлөх эрсдэлгүй гэсэн дүгнэлт гарсан. Нарийн мэргэжлийн эмч нар өдгөө нэмэлт үзлэг, шинжилгээ хийж байгаа” гэв.
Бэлтгэсэн М.Оч