Сонирхогчдын шатрын 11 дэх удаагийн УАШТ болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 108, эмэгтэйчүүдийнхэд 36 тамирчин оролцож, швейцар системээр найман өрөг тоглож, шилдгүүдээ тодруулсан юм. Оролцогчдоос хамгийн ахмад нь Баянхонгорын харьяат, аймгийн начин цолтой, 91 настай Ц.Гунгаа. Аймгийнхаа АШТ-ээсхошой мөнгөн медаль хүртсэн тэрбээр шатрын спортоор 30 наснаасаа өнөөг хүртэл хичээллэж байгаа аж. Энэ удаа эрэгтэйчүүдийн тоглолтын эхний зургаа, эмэгтэйчүүдийн хоёр ширээний өргийг lichess.org платформоор шууд дамжуулснаараа уг тэмцээн онцлогтой байв. Шигшээ шатанд ширүүхэн өрсөлдсөн эрэгтэй шатарчдаас Дорнод аймгийн Б.Мөнх-Эрдэнэ аваргаар тодорч, Баянгол дүүргийн Б.Мөнхсаруул, Хэнтийн Г.Тамир нар удаалсан. Эмэгтэйчүүдээс Баянголын Б.Анужин тэргүүлж, Говь-Алтай аймгийн А.Нарансолонго II, Сүхбаатар дүүргийг төлөөлөн өрсөлдсөн Г.Алтанзул III байр эзэлсэн байна. Эрэгтэй, эмэгтэй тамирчдаас эхний гурван байрт шалгарсан нь спортын дэд мастер цолны болзол хангаж буй. Тэгвэл түрүүлсэн нь Ази тивийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрх авчээ.