Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг өнгөрсөн зуны наадмын үеэр учир битүүлгээр нас барсан нь тухайн үедээ дуулиан шуугиан болж байв. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 13-ны 09.10 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багт барьж буй барилгын хашаанд хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу тус аймаг дахь Цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хийхэд 19 настай, эрэгтэй Н нь амиа алдсан нь тогтоогдсон. Н нь Өмнөговь аймагт байрлах зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан. Тухайн үед тэрбээрцэргийн ангиас гадуур ажиллаж байсан бөгөөд шинээр ашиглалтад оруулах гэж байсан, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын эзэмшлийн 15 давхар барилгаас унасан билээ.
АНГИЙН ЗАХИРАГЧ, ХУРАНДАА Ж.АМАРЖАРГАЛЫГ Ч ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
Эл хэрэгт холбогдуулан зэвсэгт хүчний дээрх ангийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгасан бөгөөд харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 769 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас зургааг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний дөрөв нь зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхантай холбоотой юм. Тухайлбал, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын даргаар ажиллаж байсан, дэд хурандаа З.Баяраа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны зургадугаар сарын 21-нээс долдугаар сарын 11 хүртэлх өдрүүдэд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Галтууд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэгтэй цэргийн алба хаагч ажиллуулах гэрээ хийлгүйгээр байлдагч Н-г ажиллуулж давуу байдал олгосныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон байна. Уг нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмын дагуу хугацаат цэргийн алба хаагчдыг ангиас гадуур өөр ажилд оролцуулж болдог. Гэвч дэд хурандаа З.Баяраа үүнийг зөрчин гэрээ хийлгүйгээр талийгаач байлдагч Н-г Өмнөговь аймагт хармаг тариалдаг “Галтууд” компанийн тариалангийн талбайд ажиллуулсан байдаг. Энэ харамсалтай явдлынталаарзэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал “Надад мэдэгдээгүй, зөвшөөрөлгүйгээр хувийн аж ахуйн нэгжид цэргийн алба хаагчийгажиллуулсан байна” хэмээн тухайн үед ярилцлага өгч байсан. Уг нь хувийн байгууллагад ажиллуулах зөвшөөрөл олгосныг ангийн захирагч битгий хэл, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалынхан ч мэдсэн байх ёстой. Цэргийн олон алба хаагчийг ажиллуулахын тулд ангийн захирагч төдийгүй, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалаасаа зөвшөөрөл авдаг журам үйлчилдэг ч дээрх ангид эл журмын хэрэгжилт хангалтгүй байсныг илтгэх хэд хэдэн баримт байгаа юм. Үүний нэг нь тус ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргалд холбогдох үйлдэл. Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаярын ангийн анд тэрбээрзахирагчаар ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж, албан тушаалаа урвуулан 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулж, гурван сарын хугацаанд ангийнхаа хугацаат цэргийн алба хаагчдыг тоосгоны үйлдвэрт ажилхийлгэсэннь тогтоогдсон байна.
Мөн зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ротын захирагч Б.Болд-Эрдэнэ албан тушаалаа урвуулан ашиглаж, Д.Батболд, Б.Энхтайван нартай хамтран 2022 оны зургадугаар сарын 18-21, мөн сарын 26-наас долдугаар сарын 5-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд иргэн Ж.Ууганбаатарын гуйлтаар дөрвөн алба хаагчийг цэргийн ангиас нууцаар гарган, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багийн нутагт барьж буй 15 давхар барилгад ажиллуулж, хугацаат цэргүүдийн цалин болох 2.9 сая гаруй төгрөгийг бэлнээр болон дансаараа дамжуулан, гурвуулаа хуваан авсныг тогтоожээ.
Дээрх хүмүүсээс гадна зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Мотобуудлагын батальоны захирагч Г.Мөнхдөл өнгөрсөн оны долдугаар сарын 3-нд хугацаат цэргийн гурван албан хаагчийг цэргийн ангиас зөвшөөрөлгүй гаргаж, иргэн О.Гантулгаас цэрэг ажиллуулсны хөлсийг нь тус ангийн ротын захирагч, ахмад Б.Болд-Эрдэнийн ХААН банкны дансаар дамжуулан, өөрөө авсан хэрэгт холбогдсон байна.
ХУГАЦААТ ЦЭРГҮҮДИЙГ ДЭГЛЭСЭН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ ЯЛ ШИЙТГЭЛЭЭ
Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бус байдлаар харилцаж, дэглэсэн офицер, ахлагч нарт ял шийтгэлээ. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Холбооны зангилааны дарга, ахлах дэслэгч С.Отгонбаяр, артиллерийн дивизионд тасгийн даргаар ажиллаж байсан, ахлагч М.Гантулга нар 2022 оны гуравдугаар сарын 18-нд буюуМонгол цэргийн өдрөөр ангийн болон дивизионы жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа хугацаат цэргийн алба хаагчидтайгаа дүрмийн бус байдлаар харилцаж, дэд түрүүч Б, дэд түрүүч А, байлдагч Э, ахлах байлдагч Д нарыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байж. ХЭҮК-ынхон цэргийн баярын дараахан тус ангид шалгалтаар явж байхдаа үүнийг илрүүлж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн даргад гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч цэргүүд “Жагсаалын талбайд гэнэт жагсааж, цохисон, орой нь амралтын цагаар согтуу нэг нь “Цолоо голлоо” гэх шалтгаанаар зодсон тухай ч мэдүүлж байж. Тухайлбал, “Үдээс хойш 16.00 цагийн орчимд байрандаа амарч байх үед ангийн жижүүр, ахлах дэслэгч С.Отгонбаяр “Цэргүүдээ гаргаж жагсаа” гээд бүх цэргүүдийг гаргаж жагсаалын талбай тойруулж гүйлгэсэн. Мөн бага дарга нарыг жагсаалаас гаргаж байгаад ахлах дэслэгч нүүр лүү нь тус бүр нэг удаа цохисон. Тухайн үед ахлах дэслэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд цэргүүд сахилга дэг журам муутай байна, цэргүүдээ яагаад анхаарахгүй байна гэх шалтгаанаар дэд түрүүч, ахлах байлдагч нарт гар хүрсэн юм. Тухайн үед ойролцоогоор нэг цаг гаруй хугацаанд биднийг гүйлгэж, дэглэж байгаад гаднаас эргэлтээр хүмүүс ирж байсан тул дэглэхээ больсон. Орой 19.00 цагийн орчимд хоолондоо орж байх үед цайны газарт ахлах дэслэгч орж ирээд “Дэд түрүүч цолоо голлоо” гэх шалтгаанаар нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Үүний дараа биднийг амрах байрандаа байж байхад ахлагч М.Гантулга орж ирээд цэргүүдийг жагсааж, нэг түрүүчийг өрөөнөөс гарган хэд хэдэн удаа цохисон. Нэлээд хэмжээний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан” хэмээсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд уг хэргийг хэлэлцээд зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Холбооны зангилааны дарга, ахлах дэслэгч С.Отгонбаяр, артиллерийн дивизионд тасгийн даргаар ажиллаж байсан, ахлагч М.Гантулга нарт зургаан сар хорих ял шийтгэсэн аж. Тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцсэн байна. Улмаар зургаан сар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх тогтоолыг хэвээр нь үлдээжээ.
Бэлтгэсэн: Д.Дайчин