Иргэн О.Цэрэнтогтох нь ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Тодорхой хэлбэл, Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, мөн нийтийн хөрөнгийг үлэмж ихээр идэж шамшигдуулсан тухай үндэслэл бүхий өргөдөл, баримт бичгийг хэвлэлийнхэнд танилцуулж, Х.Болорчулууныг АТГ-т шалгуулахаар өргөдөл өгсөн юм. Иргэн О.Цэрэнтогтох хэлэхдээ "Миний өгөх мэдээлэл улс төрийн зорилго агуулаагүйг онцолъё. Дорнодоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Болорчулуун Дорнод бүсийн эрчим станцтай салшгүй холбоотой. Тус станцын дарга нь Х.Болорчулуунтай худ ургын холбоотой Г.Отгонбаатар гэж хүн бий. Тус станцын бүх тендерийг (18 тэрбум төгрөгийн өртөгтэй) хамаарал бүхий этгээдүүдэд олгосон. Зээ дүү нь 2021-2022 онд тус станцын барилгатай холбоотой тендер авсан. Төрсөн дүүгээ компанийн удирдах зөвлөлд тавьсан. Энэ нь нүүрсний хулгайтай холбоотой байх магадлалтай. Тиймээс шүгэл үлээгчийн үүднээс эдгээр баримтыг шалгуулахаар З.Дашдаваа даргад өргөдөл гаргаж байна. Мөн Х.Болорчулуун гурилын компанитай. 2021 онд хүртэл "Дорнод гурил" ХХК-г өөрийн мэдэлд 100 хувь байлгасан. Түүнийг сайд болсноос хойш гурилын үнэ 50 хувиар нэмэгдсэн. Энэ нь түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хардахад хүргэж байна. АТГ-аас хариу өгвөл эргэж мэдээлнэ" хэмээлээ.