Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх зорилтынхоо хүрээнд ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар болжээ. Тус хүрээлэнгийнхэн олон жилийн судалгааны үр дүнд, Монгол орны ойд өргөн тархсан Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрт үйлчлэлтэй basillus thuringiensis хэмээх бактерийн омог ашиглан “Био-дендро” бэлдмэл гарган авчээ. Үүндээ оюуны өмчийн патент авсан байна. Тэгвэл Ойн газар уг бэлдмэлийг үйлдвэрлэж, ашиглахад шаардлагатай, бичил биетэн өсгөвөрлөх зориулалттай 317 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Биологийн хүрээлэнд хүлээлгэн өгөв. Ингэснээр манай улс өндөг хусаж цуглуулах, гэрлэн урхи тавих, үүргийн шүршигч болон онгоц ашиглаж хортон шавжтай тэмцэхээс гадна тусгай зориулалтын бэлдмэл хэрэглэх боломж бүрдэх нь.
Бэлтгэсэн Н.Буян