Сүрьеэгийн эсрэг вакциныг галзуу өвчнийхтэй андуурч, есөн хүнд хийсэн ноцтой асуудал Сүхбаатар аймагт гарчээ. Тодруулбал, тус аймагт өнгөрсөн сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан дээрх тооны иргэнд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин хийсэн байна. Тэдгээр иргэн 8-56 настай бөгөөд хоёр нь хүүхэд аж. Нохойд хазуулсан хүнд галзуу өвчнийэсрэг вакциныг гурван удаа тарих эрүүл мэндийн зааварчилгаатай байдаг. Үүний дагуу тэдгээр иргэний гуравт нь сүрьеэгийн эсрэг вакциныг андууран гурван удаа тарьжээ. Мөн дөрвөн хүнд хоёр удаа хийсэн байна. Энэ нь нэг хүнд хийх ёстойтунг 20-30 дахин хэтрүүлсэн хэмжээ аж. Уг асуудалтай холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн удирдлагыг мэргэжлийн ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх саналыг салбарын яамнаас гаргажээ. Мөн асуудлыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албанд хандсан гэв. Сүхбаатарын Нэгдсэн эмнэлгээс аймгийн Эрүүл мэндийн газартаа галзуугийн эсрэг 20 хүн/ тун вакцин авах хүсэлтийг өнгөрсөн сарын 5-нд тавьжээ. Улмаар оронд нь сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин андуурч хүлээж авснаас ийм байдалд хүрсэн бололтой.
Уг хоёр вакциныг андуурч хийсэн тохиолдол манай улсад анх удаа гарсан нь энэ бөгөөд үүнээс үүдэн ямар сөрөг үр дагавар учрахыг эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө ч мэдэхгүй байна. Тодруулбал, сүрьеэгийн вакциныг тун хэтрүүлэн хийлгэснээр ямар хүндрэл учрах нь тодорхойгүй. Цаашлаад нохойд хазуулчихаад галзуугийн вакцин тариулаагүйгээс ямар сөрөг нөлөө үүсэхийг мэдэхгүй гэнэ. Ямартайч буруу вакцин хийлгэсэн иргэдийг Улаанбаатарт авчирч, нарийвчилсан оношилгоо, эмчилгээ хийх бололтой. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл “Вакцин хийлгэсэн иргэдээс биеийн байдал хүндэрсэн гэх оноштой хүн байхгүй. Тариулсан хэсэг газарт хавдах, улайх зэрэг урвал илэрсэн. Нэг иргэний шарх буглаж, мэс ажиллавар хийлгэсэн байна. Хоёр хүүхдийн биеийн байдал хэвийн” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Бэлтгэсэн Б.Оч