Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгөв. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т тулгамддаг асуудлын талаар тус газрын дарга Б.Мөнхцэцэг “Явган хүний замуудыг маш олон материалаар хийснээс болж асуудал үүсдэг. Тухайлбал, Зүүн салааны явган хүний замын хавтанг асфальтаар хийсэн, цэвэрлэхэд төвөгтэй, үйрсэн. Гэтэл арслантай гүүрний явган хүний замыг гантигаар хийсэн учир хүмүүс их халтирч байна. Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна. Хотын төв магистралыг зургаан удаа цэвэрлэх тарифтай. Гэтэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 22-25 өдөр цэвэрлэгээ хийж байгаа. Түүнчлэн хэчнээн тонн бодис, давс цацах хэмжээг стандартын дагуу тогтоовол эдийн засагт үр өгөөжтэй гэж бодож байна” гэв. Тэгвэл Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал, дүүрэг бүр аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэл зам талбайн заагийг зурагжуулан баталгаажуулж, цэвэрлэгээ үйлчилгээний гэрээг байгуулах, 2023 онд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь, аж ахуйн нэгж байгууллагуудыг бүрэн хамруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хотхон, хороолол дундах тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгааны зардлыг дүүргийн төсөвт тусгах, эзэнжүүлэхийг үүрэгдэв.