Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын 2023 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа удирдан явууллаа. Тэрбээр холбогдох байгууллагууд нийслэлийн нийтийн аж ахуйн сүүлийн 14 хоногийн мэдээ, бүх нийтийн их цэвэрлэгээ, халтиргаа гулгааны эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам, талбайн цэвэрлэгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ажлыг аваад халтиргаа, гулгаанаас сэргийлэх, зам, талбайн цас, мөсийг цэвэрлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж, татан авалт хийж байгаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч явган хүний зам, автобусны зогсоолуудад гулгаа үүссэн байна. Тэгэхээр зам, талбайн цэвэрлэгээг нарийн, сайн хийх шаардлагатай. Ер нь зам, талбайг тоног төхөөрөмжөөр цэвэрлээд, дараа нь давс, бодисоо цацах ёстой. Ингэхийн тулд цэвэрлэгээний машин, техникүүдийг нэмэх, парк шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй” хэмээв.