Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн зургаан объектод нэгжлэг хийжээ. Улмаар 7,3 тэрбум төгрөг хураан авчээ.
Тодруулбал, өөрийнх нь гэрээс болон хамаарал бүхий хүний гэрээс нийт 7,3 тэрбум төгрөг бэлнээр олдсон. Мөн 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй бичиг баримт хураажээ. Тиймээс хойшлуулшгүй ажиллагааны журмаар С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулсан байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяраас хэргийн талаар тодруулахад “УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтны гэрээс 7,3 тэрбум төгрөг хураасан нь үнэн. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.