МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн гадаадын иргэн болон төрийн албан хаагчийн монгол хэлний мэдлэг шалгах сорил боловсруулж, үндэсний стандарт, олон улсын шалгалт нэвтрүүлэх зорилгоор БШУЯ-ны дэмжлэгтэйгээр 2021 оноос “Монгол хэлний стандарт шалгалт” төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн багт БШУЯ-ны Боловсролын хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, АШУҮИС, “Мон судар” хэвлэлийн газар, “Монгол хэлний төв” зэрэг байгууллагын төлөөлөл, хэл шинжлэлийн эрдэмтдээс гадна гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулийн судлаач, багш нар багтсан юм. Тэгвэл тус төслийн хүрээнд боловсруулсан TOMFL (Test of Mongolian as a foreign language) буюу монгол хэлний олон улсын стандарт шалгалтын нээлтийг тун удахгүй хийх гэж буй талаар Монгол судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Дэлхийн олон орон өөр өөрийн хэлний түвшнийг тогтоох шалгалтуудыг албан ёсоор нэвтрүүлсэн байдаг. Тухайлбал, TOEFL, ELPT, KLPT, JLPT зэргийг нэрлэж болно. Манай улсын гадаад харилцаа өргөжиж, монгол судлалын цар хүрээтэлэхийн хэрээр монгол хэлийг сонирхон судлах гадаад иргэний тоо олширч буй гэнэ. Мөн төрийн албаны шалгуурын нэг үзүүлэлт болох эх хэлний шалгалтыг зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулах шаардлага тулгарч байгаа аж. Эдгээрээс үндэслэн монгол хэлний түвшин тогтоох стандарт шалгалт боловсруулсныг төслийнхөн онцоллоо. Энэхүү стандартыг гадаадын иргэн ба монголчуудад зориулж хоёр хувилбараар, CD-тэй ном, цахим программ гэсэн хэлбэрээр нэвтрүүлэх нь.