Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.6 хувьтай байжээ. Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгсөн юм. Зөвлөгөөний үеэр нийслэлд хийж хэрэгжүүлэх ажил, үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, нийслэлийн бодлогын томоохон зорилтуудыг 2023 ондоо ажил хэрэг болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, салбар дундын уялдаа холбоог хангаж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болгов. Мөн түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн паркийг шинэчлэх ажлуудыг эрчимжүүлж, нийслэлийн ЗДТГ-аас нэгдсэн удирдлага, бодлогоор хангаж ажиллахыг даалгалаа.
Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэхэд анхаарах, төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбоотойгоор нутгийн захиргааны зарим байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихгүйгээр зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Нийтийн эзэмшлийн, орон сууц, гэр хорооллын гудамж дундах явган хүний зам болон аж ахуйн нэгж, байгууллагуудын ойр орчмын талбайн цас, мөс цэвэрлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд нь Захирагчийн ажлын албанаас тогтмол хяналт тавих, орон сууцын болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх талаар онцлон анхааруулав. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгов.