Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 4-20-нд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилнэ. Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу нийслэл болон дүүргийн ЗДТГ цэргийн бүртгэлийг зохион байгуулах бөгөөд иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Жамбалсүрэн цэргийн бүртгэлийн талаар “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа урт болон дунд хугацааны бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг цахимаар хүргэж буй. Үүний хүрээнд батлан хамгаалахын үйлчилгээг цахимжуулах зорилгоор 2021 оноос цэргийн бүртгэлийг онлайнаар явуулж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд улсын хэмжээнд нийт бүртгэлийн 20 орчим хувийг онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongo¬lia”-гаар хийлээ” хэмээв.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “2023 оны цэргийн бүртгэл Улаанбаатар хотын хэмжээнд нэгдүгээр сарын 4-20-нд явагдана. Цэргийн бүртгэлээ анхлан хийлгэж байгаа иргэд, мөн шилжиж суурьшсан, эсвэл цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлж, гээсэн хүмүүс эхлээд дүүрэг, хороондоо бүртгүүлж үнэмлэхээ авна. Үүний дараа бүртгэлийн хүсэлтээ цахимаар гаргах боломжтой. Бүртгэлийг дүүрэг, хорооноос гадна цахимаар, мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний зургаан цэгт очиж хийлгэх боломжтой. Ингэснээр гадаадад сурч, амьдарч байгаа, түүнчлэн харьяа дүүргээсээ хол байгаа иргэд цаг алдалгүй бүртгэлдээ хамрагдах юм. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудас аваад бүртгэлээ хийлгээгүй, алба хаагаагүй хүмүүст энэ жилээс эхлэн хариуцлага тооцно” гэв.
“И Монгол академи” УТҮГ-ын төслийн менежер Б.Батзул цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх талаар “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван сувгаар авна. Тодруулбал, “E-Mongo¬lia” гар утасны аппликэйшн, www.E-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлт хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалт хийлээ. Тухайлбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна. Мөн 18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессежийг системээр харуулж байгаа” хэмээв.
Иргэд нэгдүгээр сарын 4-20-нд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 08.00-17.00, амралтын өдрүүдэд 09.00-16.00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongo¬lia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
Иргэний үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Ажлын газрын үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 см-ийн хэмжээтэй цээж зураг хоёр ширхэг
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
Дээд офицер (генерал)-65 нас
Ахлах офицер-60 нас
Дунд офицер, ахлагч-55 нас
Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч (иргэн)-50 нас
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17.3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.