Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгийн нутаг дэвсгэрээс удаа дараа хулгай хийж байсан гэмт бүлэглэлийнхнийг цагдаагийн байгууллагын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэллээ. Хулгай, дээрмийн хэрэгт ял шийтгүүлж байсан У гэх эр Д, Б, М, С гэсэн залуустай нийлж, орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна хэмээн иргэдийг хуурч мэхлэн айл өрхүүдийг нь судалж алт, мөнгө болон үнэт эдлэл хулгайлан нийслэлд авчирч ченжүүдэд борлуулдаг байсан нь тогтоогдсон аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хүмүүс айлын орон байранд 60 орчимудаа нэвтэрч, иргэдэд нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байна.
Цагдаагийнхан дээрх таван хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 мөнгөн аяга, 45 хөөрөг, хөөргөний 11 ширхэг шүрэн толгой, 15 даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйл хураасан гэнэ. У, Д, Б, М, С нар айлуудаас хулгайлсан эд зүйлээ нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод уушийн газар, караоке түрээслэн ажиллуулж мөнгө угааж байсан нь тогтоогдоод байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Сонгинохайрхан дүүргийн нутагт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдээ гадаад руу явуулахаар виз мэдүүлсэн нь ч илэрхий болсон аж.
Бэлтгэсэн Г.Орчлон