“Цагдаа хотхон”-ны усны шугам задарч, хажуугийн гэр хороолол руу ус хальсан талаарх мэдээлэл манай редакцад ирлээ. Тодруулбал, хотхоны урд хэсэгт амьдардаг дөрвөн айл усанд автаж, иргэд гэрээсээ гарч чадахгүй байгаа гэнэ.
Тус газрын оршин суугч “Өглөө 07.00 үед гэрээсээ гарахад хашаанд их хэмжээний ус тогтсон байсан учир явах боломжгүй байсан. Мөн хашаагаар хальсан ус хөлдөж, улмаар хашааны хаалгаа ч онгойлгох боломжгүй байна. Хажуу айлын гарааш руу ус нэвтэрч, автомашин нь хөдлөх боломжгүй болсон” гэж мэдээллээ.
Одоогоор хотхоны СӨХ-ийн ажилчид тогтсон мөсийг ховхолж буй бөгөөд оршин суугчид Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан