Цагдаагийн байгууллагаас 2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүллээ. Тодруулбал өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “У” гэгч нь “Д”, “Б”, “М”, “С” нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн айлуудыг судалж алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогдоод байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөргөний шүрэн толгой, 15 ширхэг хөөргөний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураасан бөгөөд дээрх этгээдүүд нь хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх замаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Бэлтгэсэн:Б.Мөнхсайхан