БНСУ-д мөсөнд авиралтын Азийн АШТ, “Дэлхийн цом” тэмцээний эхний цуврал нь энэ сарын 20-28-нд болно. Дараагийнхыг нь Франц болон Швейцар улсад ирэх сард зохион байгуулахаар товложээ. Монголын уулчдын үндэсний холбооны тамирчид тус цуврал тэмцээнд оролцохоор “Сутайн бор” клубийн дасгалжуулагч, уулын спортын мастер Х.Нямдоогийн удирдлагад бэлтгэл базааж буй. Тэд сургуулилалтаа амжилттай хийхийн тулд олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд өөрсдийн хөрөнгө, хүчээр мөсөнд авиралтын 50-60 см зузаан хана босгожээ. Сонирхуулахад, “Степпе арена” мөсөн өргөөнд 15 холбооны нэгдсэн УАШТ энэ сарын 13-22-нд болно. Үүнд манай улсад хөгжиж буй залуу спортоос виртуал дугуй, корнхол, скейтборд, мөсөнд авиралт, спорт авиралт гэсэн шинэ төрөл багтжээ. Тус өргөөнд мөсөнд авиралт, спорт авиралтын УАШТ энэ сарын 19, 20-нд болох юм.