Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа энэ сарын 12-нд болно. Тухайн жилд болсон томоохон тэмцээний тоглолтуудад өндөр амжилт үзүүлсэн тоглогчдоос оны шилдгийг тодруулдаг. Тэгвэл энэ удаа “Шилдэг гадаад тоглогч” гэсэн шинэ төрөл нэмсэн нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тус төрөлд баг бүрээс нэр дэвшүүлсэн легионеруудын олонх нь ази тоглогч аж. Тухайлбал, 2021-2022 онд “Моби дээд лиг”-ийн аваргаар шалгарсан “Хаан хүнс эрчим” багийн хагас хамгаалагч Мишима Юута, Ичимарү Рикү, “Улаанбаатар FC”-гийн хагас хамгаалагч Неманья Крушевац, довтлогч Акихиро Сүзүки, “Би Си Эйч лионс”- ын хагас хамгаалагч Мияжима Юүзүки нар нэр дэвшжээ. Мөн “Атлетик 220”, “Ховд”-ын довтлогч Мүраяма Кен, “Төв буганууд”-ын довтлогч Рюүсей Фүрүкава, Сүгасава Макаяа (“Төв буганууд”, “Ховд”), хагас хамгаалагч Нашимарү Юүма, “Дэрэн”-гийн довтлогч Павел Захаров нар нэр дэвшсэн байна. Тэд Монголд энэ сарын 8-нд ирэх нь.