Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн, хангалттай хэмжээнд бэхжээгүйг холбогдох байгууллагуудаас анхааруулсаар буй энэ үед автомашинтай иргэд осолдож, нэг нь сураггүй болсон талаар онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумаас Хатгал тосгоны чиглэлд явж байсан “УАЗ-3303” маркийн автомашинтай иргэд 19.30 цагийн үед Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих үедээ осолдож, тээврийн хэрэгсэлтэйгээ живжээ. Рэнчинлхүмбэ сумын харьяат 16 настай Т, 52 настай Э нар уснаас эсэн мэнд гарсан бол 49 настай Э живжээ. Ослын талаарх дуудлага, мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 21.30 цагт ирүүлсэн бөгөөд аврагчид өчигдөр эрэн хайх ажиллагаанд гарчээ. Ташрамд дурдахад, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан иргэдэд “Мөсөн дээгүүр бүү зорч” хэмээн сэрэмжлүүлж, нуурын эрсдэл өндөртэй хэсгүүдэд хориглох тэмдэг 50 гаруйг байршуулаад буй гэнэ.
Бэлтгэсэн Н.Буян