Улаанбаатарчууд маш давчуу орчинд амьдарч буй. Энэ нь ялангуяа хотын төвийн аль ч дүүрэг, хорооны нутаг дэвсгэр дэх барилга, байгууламж, орон сууцын нэгдүгээр давхрыг өргөтгөн сунгаж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам руу түрж, хөл гишгэх зайгүй, том, жижиг байшинг иргэд, аж ахуйн нэгжүүд дур зоргоороо, уралдан барьсантай холбоотой. Үүнийг нэг л дүүрэг, 1-2 хорооны нутагт автобусны гурван буудлын хэмжээтэй зайд явахад л харж болохоор байгаа юм.
Жишээ татъя. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр Баянгол дүүргийн XVIII хорооны нутаг дахь уушийн газрын барилгыг өргөтгөн, нийтийн эзэмшлийн талбай руу бараг таван метр сунгалаа.
Тус зоогийн газрын барилгын уртыг зургаа гэвэл өргөнөө дөрвөн метрээр нэмж, 24 орчим ам метр талбай үүсгэн, хэдэн залуу яах ийхийн зуургүй тохижуулан, шилэн хана босгон, жижиг хэмжээний байшин барьчих нь тэр. Энэ нь зоогийн газрынхаа зай талбайг томруулж, эздэд нь бол ашигтай шийдэл байх. Харин нийтийн эзэмшлийн талбайд ийм хэмжээний шилэн “амбаар” барих зөвшөөрлийг хаанаас олгов. Уушийн газрынхнаас энэ талаар тодруулахад “Захирал мэднэ, одоогоор гадаадад байгаа. Цагаан сараас өмнө ирнэ” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
Дээрх барилгаас баруун тийш ердөө 100 гаруй метр алхахад “Цэцгэн бууз” нэртэй зоогийн газар бий. Тус зоогийн газар одоогоос нэг жил гаруйн өмнө мөн л талбайгаа нэмж, нэлээд том хэмжээгээр өргөтгөсөн. Үүнийг тэр хавийн оршин суугчид эсэргүүцэн, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт гомдол мэдүүлж байжээ. Энэ талаар уржигдар Баянгол дүүргийн XIX хороо, 51 дүгээр байрны оршин суугч Ч.Чимэглхам “Манай орон сууцын эргэн тойронд хүүхдийн тоглоомын талбай байхгүй. Харин байрны хойд талд хааш хаашаа 10 метр орчим хэмжээтэй, дундаа жижиг усан оргилуур, сандал, ширээтэй боломжийн талбай байсан. Гэтэл “Цэцгэн бууз” зоогийн газрынхан тэр зайны 25 орчим хувьтай тэнцэх хэмжээг булаалаа. Үүнийг хорооны Засаг дарга болон бусад ажилтанд хэлсэн ч тодорхой хариу өгөөгүй. Тухайн зоогийн газраас өргөтгөл барих зөвшөөрөл байна уу гэж асуухад “Танд хамаагүй” гэсэн. Хүүхдүүд бужигнадаг бага хэмжээний талбайгаас миний бодлоор ямар ч зөвшөөрөлгүйгээр хумслаад буй ч хянадаг, арга хэмжээ авдаг байгууллага алга” гэв.
Баянгол дүүргийн XIV-XIX хороо, бидний нэрлэж заншсанаар III, IV хорооллын нутаг дэвсгэр нь үйлчилгээний төв, зоогийн газар олонтой. Эндхийн авто замын хоёр талаар анх 20 гаруй метр өргөн нийтийн эзэмшлийн талбай, явган хүн зам байсан нь мэдэгддэг. Тэгвэл өдгөө зарим хэсэгтээ бараг хоёр хүн зөрж өнгөрөхөд хэцүү нарийн зай үлдээн, үйлчилгээний газрууд нь талбайгаа дураараа томруулж, өргөтгөн, нийтийн эзэмшлээс хороосон байгаа юм. Тухайлбал, “Номин” их дэлгүүрээс хуучнаар ахуйн үйлчилгээний ордон явахын тулд шатаар өгсөж, уруудан, өргөн, нарийн явган хүний замаар алхан, бүр газар луу нүхэлж байгуулсан диско клуб рүүорчих магадлалтай. Энэ клубийг нээхийн тулд явган хүний зам дээр том гэгчийн хаалга гаргасан билээ. Ийм хаалга тэнд барих зөвшөөрөл авсан, үгүйг нь “Свэй” клубийн зохион байгуулагчаас асуухад “Манайх үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр жил гаруй болсон. Мэдээж тухайн үед клуб ажиллуулах, хаалга гаргах, өргөтгөх бүх зөвшөөрлийг дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын хэлтсээс авсан байж таарна. Гэхдээ бичиг баримт энд байдаггүй, шаардлагатай бол толгой компанийн удирдлага руу бичгээр хүсэлт гарган танилцаж болох байх” гэв. Харин толгой компани буюу тус клубийн чанх ард байрлах “Винс вэй” төвийн эзэнтэй уулзахаар хоёр удаа очоод талаар болов.
Үүнээс гадна Баянгол дүүрэг дэх “Нарны хороолол”-ын оршин суугч С.Алтанцэцэг “Орон сууцын нэгдүгээр давхарт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохоо болиод удаж байгаа гэсэн. Гэтэл манай байрны нэгдүгээр давхарт цөөнгүй дэлгүүр бий. Улмаар өнгөрсөн зун нэгдүгээр давхрын нэг айл тагтнаасаа хаалга гарган, явган хүний зам руу шат хийж, дэлгүүр нээсэн. Уг шат нь яг явган хүний зам дээр байрладагучраас төвөгтэй. Энэ талаар оршин суугчид бид СӨХ, дүүргийн ЗДТГ-т гомдол мэдүүлээд амжилт олоогүй. Шатыг нурааж, зам чөлөөлөх сураг гараад л өнгөрсөн” хэмээн ярив. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн XXVII хорооны нутаг “Содон” хорооллоос Толгойт руу явдаг авто замын уулзварын дэргэд зочид буудал, үйлчилгээний төвийн барилга байдаг. Тус барилгын үүд хэсгийг томруулж, явган хүн явах нэг метр хүрэхгүй шахам зай үлдээжээ. Хүмүүс түүгээр цуварч явахгүй бол зөрөх арга байхгүй хэвээр лав 4-5 жил өнгөрлөө. Ер нь ялангуяа хотын төвд, орон сууц олонтой хэсэгт, аль ч дүүрэг, хороонд явган хүний зам, талбай руу тулган өргөтгөл барьсан, дэлгүүр нээсэн, аж ахуйн нэгжүүд зай талбайгаа томруулсан, эсвэл барилгуудын дунд үлдсэн жижиг зайд байшин барьсан жишээ маш олон. Уг нь орон сууцын нэгдүгээр давхарт, нийтийн эзэмшлийн талбай руу шахаж барилга барих, өргөтгөл гаргахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны шийдвэрээр бүр 2011 онд хоригложээ. Харин 2011 оноос өмнө барьсан өргөтгөл, барилгыг зөвшөөрөлтэйд тооцсон байна. Улмаар 2019 оны аравдугаар сард нийслэлийн ЗДТГ-аас шинэчилсэн стандарт гарган, анхнаас нь үйлчилгээний зориулалтаар ашиглах зай талбай төлөвлөөгүй тохиолдолд ямар ч орон сууц, барилга, байгууламжийн 1-2 дугаар давхар, нийтийн эзэмшлийн талбай руу түрж хаалга, шат гаргах, өргөтгөл барих зэргийг хориглосон аж. Энэ тухайд нийслэлийн ЗДТГ-ын Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн “Миний мэдэхээр сүүлийн таван жил энд, тэнд өргөтгөл барих зөвшөөрлийг ямар ч аж ахуйн нэгж, иргэнд олгоогүй. Ер нь барилга, байгууламжийг өргөтгөх, нэмж давхар барих, нийтийн эзэмшлийн талбайг ашиглах, эсэх асуудлыг тухайн дүүргийн ЗДТГ-ынхан хариуцдаг. Манайд иргэдээс гомдол, мэдээлэл ирүүлбэл нягталж, шалгана. Сүүлийн нэг жилд нийтийн эзэмшлийн зам, талбайд том, жижиг барилга барьсан талаарх гомдол ирээгүй. Түүнчлэн энэ онд бид цөөнгүй барилгад нэгбүрчлэн санал, дүгнэлт гарган, тухайн барилгыг барих зөвшөөрөл, Барилгын тухай хуулийг зөрчсөн, эсэхийг нягтална. Нягтлаад зарим барилгыг нураах хүртэл арга хэмжээ авна” гэлээ. Тэгвэл Баянгол, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас нутаг дэвсгэрт нь аж ахуйн нэгжүүдэд барилгаа өргөтгөх, давхар нэмж барих зөвшөөрөл, олгосон эсэх, өмнө барьсан ийм байгууламжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг лавлахад “Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн хариуцан ажиллаж байсан ч одоо эл хэлтсийн үйл ажиллагаа хумигдсан учраас нийслэлийн ЗДТГ-ынхан мэднэ. Сүүлийн хэдэн жил өргөтгөл барих зөвшөөрөл өгөөгүй” хэмээв.
Энэ мэтчилэн нийтийн эзэмшлийн талбай руу түрж, явган хүний зам дээр жижиг барилга барин, өргөтгөл, шат гаргасан хэвээр байна. 2011, 2019 онд гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж буй байгууллага ч алга. Дүүргүүд нь нийслэлийн ЗДТГ-ынхан, харин тэд нь Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн мэднэ гэсээр дорвитой хариулт өгсөнгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагуудыгтатанбуулгаж, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчилж буйгаас МХЕГ, дүүргүүд дэх хэлтсээс хариулт өгөх хүн олдсонгүй. Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн барилга, байгууламжтай, тэдгээртэй залган ямар хэмжээтэй байшин, өргөтгөл барьсан талаарх судалгаа ч алга. Ийнхүү хариуцсан эзэнгүй шахам байгаа учраас иргэд, аж ахуйн нэгжүүд дураар авирлан барилгаа томруулж, явган хүний зам талбайнаас хороож, олон нийтийг хохироосоор байх уу.