АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны “Голден стэйт уорриорз” болон “Атланта хоукс” багийн өчигдрийн тоглолтыг “Азийн өв соёлын үдэш” нэртэйгээр зохион байгуулав. Сан-Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн монголчуудын холбоо, Монгол уран нугаралтын төв хамтран энэүдшийн арга хэмжээнд оролцож, сая сая сагсан бөмбөг сонирхогчдод Монгол Улсаа сурталчилжээ. NBA-ийн зургаан удаагийн аварга “Алтан мужийн дайчид” багийн тоглолтын өмнө Монголын уран нугараачдын гайхамшигт үзүүлбэр үзэгчдийг бишрүүлсэн. Түүнчлэн тоглолт эхэлснийг зарлах “Ring the bell” цан цохих хүндтэй үүргийг Монгол Улсаас Сан-Франциско хотноо суугаа ерөнхий консул Б.Ургамалцэцэг гүйцэтгэлээ. Мөн ирэх улиралд “Монголын өв соёлын үдэш”-ийг дангаараа хийх санал, хүсэлтийг “Голден стэйт уорриорз”-ын удирдлагад тавьж, нааштай хариу авчээ. Тасалбар бүр нь зарагддаг алдарт багийн тоглолт, дэлхий даяар олон сая үзэгчтэй мэргэжлийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лигийн тоглолтын өмнө Монголоор ийнхүү “гоёлоо”.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин