Нийслэл дэх өрхийн эрүүл мэндийн төвийнхөн өчигдөр Эрүүл мэндийн яамны гадна жагсаал зохион байгууллаа. Тэд 09.00 цагаас жагсаалаа эхэлсэн юм. Улаанбаатар хотод 234 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг аж. Тэдгээрээс долоон дүүрэг дэх 205 эмнэлгийн төлөөлөл жагсаалд нэгдсэн гэнэ. Тэдний тавьсан гол шаардлага нь 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтээ бүрэн авах байв. Тодруулбал, дээрх өрхийн эмнэлгүүд өнгөрсөн онд санхүүжилтийнхээ 80 хувийг авчээ. Харин үлдсэн 20 хувийн санхүүжилтээ өдий хүртэл авч чадаагүй гэнэ. Үүнд 1-3 дугаар сарын санхүүжилтийн 50 хувь ч багтсан гэдгийг жагсагчдын төлөөлөл хэллээ.
Гүйцэтгэлийн санхүүжилтээ бүрэн авах асуудлаар тэд өнгөрсөн сарын 27-нд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ханджээ. Тухайн үед уг газраас асуудлыг судалж, шийдвэрлэнэ хэмээсэн боловч өдий хүртэл арга хэмжээ аваагүй тул ийнхүү жагсахад хүрсэн байна. “Бид үлдэгдэл санхүүжилтээ авах ёстой. Хүний нөөцөө тогтвортой байлгахын тулд цалинг нь өгөх шаардлагатай байна. Мөн санхүүжилт хүрэлцээгүйн улмаас зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгслээ авч чадахгүйд хүрлээ. Эм ханган нийлүүлэх байгууллагуудад маш их өртэй болчихлоо” гэх зэргээр тэд тулгамдсан асуудлаа хэлж байв. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эмнэлгүүдэд гүйцэтгэлийнх нь дагуу л санхүүжилт олгосон” гэх тайлбар өгч буй юм.
Ямартай ч өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын төлөөлөл өчигдөр Эрүүл мэндийн яамныхантай уулзаад, удалгүй тарсан. Энэ уулзалтын үр дүнд Эрүүл мэндийн сайд өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийн асуудлаар холбогдох албаныхан, ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нөхцөл байдлыг тодруулахаар болсон гэнэ. Түүнчлэн өрхийн эмнэлгүүдэд очиж ажиллахаар болжээ.
Бэлтгэсэн М.Оч