Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан бөхийн барилдаан үзэхээр Монгол бөхийн өргөөнд морилсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудад тэнд цугласан хүмүүс тун ёозгүй хандаж буйг харуулсан бичлэг хэдэн өдрийн турш нийгмийн сүлжээнд түгэв. Хүмүүс тэдэнд дургүй байна. Хүлээн зөвшөөрөгдөхөө байчихаж. Төрд үүрлэсэн хулгай, луйвар, шударга бус зүйлстэй дарга нар нь тэмцэж чадахгүй байгаатай хойшид эвлэрч, тэсэж чадахгүйгээ илэрхийлэн, тэсэрч байгаа нь тэр. Хүмүүсийг хуурч, аргалаад яваад байж болдоггүйг сануулах мэт иргэдийн эсэргүүцэл, жагсаал нэхэл хатуу байна. Иймд эрх баригчид энэ жил илүү олон жагсаал, эсэргүүцэлтэй нүүр тулж мэднэ.
Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсэж, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига, хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн нь гашуун үнэн” хэмээн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн Засгийн газрын тэргүүн, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо улам эрчимжүүлэхээ илэрхийлсэн юм. Улмаар өдгөө дөрвөн хувийн өсөлттэй байгаа эдийн засгаа сэргээнэ гэсэн өөдрөг амлалт өгөөд буй. Хилийн боомтууд нээгдэхээс авхуулаад эхний улиралд Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулах нь үүнд ихээхэн нөлөөлөх учиртай. Ингээд 2023 онд нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, Улаанбаатарыг тойрсон тойрог зам, Хөшигийн хөндийд шинэ хот, Эрдэнэбүрэнгийн болон Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Амгалангийн дулааны цахилгаан станц, эрчим хүчний хураагуурыг бүрэн ашиглалтад оруулан, түүхэндээ хамгийн олон жуулчныг хүлээн авахаа амлалаа.
УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жил учир том “юм” ярихгүй, амлахгүй байхын ч аргагүй. 2016 оноос хойш тасралтгүй эрх барьж буй МАН-ынханөөрсдөөсөө өөр хэнд буруугаа бухах билээ. Харин тэд үүнийг, үүрэг хариуцлагаа хэр ухамсарлаж байгаа бол. Сүүлийн зургаан жил гаруйн хугацаанд гоншигнож, гомдоллосон шигээ аашилбал ард иргэдийн бухимдлыг бүр өдөөж орхино гэдгийг тэд эрхбиш гадарлаж байгаасай гэж найдна. Өөрөөр хэлбэл, жагсагчдыг “хөлснийхөн” гэж харалгүй, өөрсдийг нь үгүйсгэж, шүүмжилж буйг явуулга төдий зүйл, зүгээр л тохиолдлын хэрэг хэмээн хүүхэд хуурч байгаа юм шиг хандахгүй, тэдний нэхэж, шаардаад байгаа зүйлийг сууриар нь, бодитой шийдэх эрэлд эрх баригчид хатаж таарах нь. Гэвч тэд сонгууль угтсан шоу, солиорлоос яагаад ч ангид байж чадахгүй. Хүссэн ч, эс хүссэн ч хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэр бүр нь сонгогчдод таалагдах гэсэн агуулгатай, гал унтраах маягтай болж ирнэ. Иймд гагцхүү нийгэм, олон нийтийн уур амьсгалд торгон мэдрэмжтэй хандаж, сонгуулийн “шоу”-ныхаа жин, тунг нь тааруулах том сорилт, улстөрчид, тэр дундаа эрх баригчдын өмнө байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ард түмнийхээ дуу хоолой, хүсэл зориг, санал, шаардлагыг соргогоор мэдэрч, ажил хэрэг болгох явдал нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм”, УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийгэмд нэгэнт үүссэн бухимдал, ард олны тавьж буй шударга ёсны шаардлагыг биелүүлэх нь ирэх оны хамгийн чухал зорилт байх болно” гэж шинэ жилийн мэндчилгээндээ онцолсон нь жир бус сануулга хэмээн найднам.
Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Сонгодог парламентын тогтолцоонд шилжих үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан жил байна” хэмээн энэ оныг тодотгов. Тэрбээр энэ санааг анх удаа ч илэрхийлж байгаа юм биш. Ер нь бол сонгуулийн одоогийн тогтолцоог өөрчлөн, холимог болгож, УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэдгээ хэлээд л буй. Үүнийг нь дэмжиж буйгаа төр, засгийн удирдлагууд ч сая илэрхийлнэ лээ. Он солигдох мөчид хэлсэн үгэндээ Төрийн тэргүүн парламентын засаглал нь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болохыг онцолсон бол энэ онд тогтолцооны шинэчлэл хийхээ УИХ-ын дарга зарлав. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Ингэхдээ МАН сүүлийн хоёр сонгуулиар дараалан үнэмлэхүй олон хыг бүрдүүлж, Үндсэн хуульд хоёронтоо гар хүрэх шийдвэр дангаараа гаргалаа гэх зэм сонсохгүйн тулд “үндэсний зөвшилцөл” хэмээх ажлыг заавал хийх ёстой. Энэ нь ч хэдийн эхэлчихээд буй. Ирэх хавар хүртэл эрдэм шинжилгээний хурал, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөлдөх санал асуулгаар “амьсгална”.
Үр дүнд нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг “босгох” ёстой. Уг нэмэлт, өөрчлөлтийг батлах цаг хугацааны хязгаар энэ оноор буюу ээлжит сонгууль явуулахаас зургаан сарын өмнө дуусахаар буй. Гэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд ээлжит сонгууль явуулахаас нэг жилийн дотор гар хүрэхийг хориглож байгаа тул энэ оны зургадугаар сар гэхэд Үндсэн хуулийн хийгээд тогтолцооны өөрчлөлтийг нэг талд нь гаргах шаардлагатай. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, эсэх, хэд болгох вэ гэдэг нь тэднийг сонгох тогтолцоотой шууд холбоотой учраас энэ оны эхний хагас гэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил үндсэндээ цэгцэрчихсэн байх болов уу. Энэ хүртэл дээр, дооргүй Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулна гэсэн үг. “Өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дэнсэлнэ” гэсэн оршилтойгоор эхлүүлсэн ажлынх нь өрнөл, үр дүн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. Нөгөө талаас жагсаал, цуглааны үймээнээс болж хойшлуул сан бага хурлаа МАН-ынхан оны өмнөхөн хийж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа нарыг намын орон тооны, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Сод баатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарыг орон тооны бус нарийн бичгийн даргаар томилсон нь Үндсэн хуулийг богино хугацаанд өөрчилье гэдэгт эрх баригчид өөрсдөө, дотроо ойлголцсоны илрэл юм. Орон тооны бус статустайгаар ажиллах Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар нар нь Үнд сэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг “базах” зөвлөлдөх санал асуулгатай холбоотой бүхий л үйл явцыг нэгтгэх ажлын хэсгийн гишүүн юм. Нэгэнт үнэмлэхүй олонхын гарт Үндсэн хуулийг өөрчлөх эрх байгаа тул тэдний “төлөвлөгөө”гөөр бүх үйл явц өрнөх учраас ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бараг бүрдэхгүй биз ээ.
Эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрснийг Ерөнхий сайд онцолсныг эхэнд дурдсан. Үнэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хүмүүсийн олонх нь МАН-ынх. Эсрэгээрээ АН-ынхан бүр задарч, хөл, толгой нь мэдэгдэхээ байчихсан. Энэ онд ч эвлэрэх, эсэх нь эргэл зээтэй. Харин төдийгөөс өдий хүртэл Монголын амьдралыг завхруулсан, өнөөдөр ч үе удмаараа төрийг зайдалж байгаа хүмүүсээс салах боломж эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэд бий. Ядаж л ЖДҮХС, Хөгжлийн банкны болон нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцох, эсэхийг энэ жил харж мэдэх юм. Учир нь сонгуулийн өмнөх жил учраас нэр дэвшигчдээ тодорхой болгохын тулд хариуцлагаа хүчтэй тооцохыг үгүйсгэхгүй.