Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах 100 шинэ автобусыг БНХАУ-ын Эрээн хотод авчраад буй аж. Тэдгээрийг хил, гаалиар нэвтрүүлэхэд ямар нэгэн асуудал тулгарахгүй бол энэ сарын 10 гэхэд нийслэлд авчрах гэнэ. Үүнээс тав хоногийн дараа буюу 15-наас зорчигч тээврийн үйлчилгээнд явуулж эхлэх аж. Өнгөрсөн онд нийслэл 60 автобус авсныг өдгөө үйлчилгээнд явуулж буй. Шинэ автобуснууд нь тэдгээртэй адил урд хөршийн “Xiamen golden dragon bus” компанид үйлдвэрлэсэн, “Golden dragon” загварынх аж. Энэ сард оруулж ирэх 100 автобусыг нийслэлийн өмчит “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр-3” компанид хуваарилах гэнэ. Түүнчлэн ирэх сард дахин 124 автобус оруулж ирэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн Р.Жаргал