Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хоёр хоногийн өмнөөс хэрэгжүүлж эхэллээ. Уг хуулийн тавдугаар бүлэг “Согтууруулах ундааны хэрэглээ” гэсэн нэртэй. Эл бүлгийн 28.1.1-т тээврийн хэрэгсэл жолоодож байгаа, 28.1.2-т 21 нас хүрээгүй, 28.1.3-т жирэмсэн хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэж заасан билээ. Мөн 28.2-т “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно” гэж заасан юм. Монголчууд нэгнээ архиар “шахдаг” нь бараг уламжлал болсон гэхэд хилсдэхгүй. Ялангуяа энэ нь баяр ёслол, найр наадмын үеэр хавтгайрдаг. Тэгвэл ийм хуультай болсныг аль аль талдаа санаж, анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ. Ташрамд дурдахад, дээрх хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 5-нд УИХ-аас баталсан билээ.
Бэлтгэсэн Ж.Гэрэл