Улаанбаатарын агаарын чанар энэ өвөл эрс муудсан. Ханиад, томуу их, эдгэрэхгүй удаж байгаагийн шалтгааныг ч үүнтэй холбон тайлбарлаж буй. Гэтэл агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл түгээсээр байна. Тухайлбал, БОАЖЯ болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхан цас орж, агаарын чанар сайжирсны дараах үзүүлэлтийг л олон нийтэд түгээдэг болов. Тус байгууллагынхан хамгийн сүүлд өнгөрсөн сарын 25-нд “Дэлхийн хотуудын агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар 34 дүгээрт жагсаж байна. Агаарын чанарын индекс Дамбадаржаа, Хайлаастад бага, Шархад, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол, Монгол газар орчимд хэвийн, бусад хэсэгт цэвэр” гэж мэдээлсэн юм. Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийнхэн шинэ оны эхний өдрийн цаг агаарын нөхцөл байдлыг танилцуулахдаа байгалийн зарим хүчин зүйлийн нөлөөллөөс болж утаа ихэссэн мэт харагдаж буй гэв. Тэдний мэдээлж буйгаар арванхоёрдугаар сарын 31-ний шөнө болон нэгдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотыг хур тунадас багатай, өндрийн хүйтэн фронт дайрч өнгөрсний улмаас даралтын орон, температур, салхины хурд, инверсийн эрчим, зузаан нэмэгдсэн аж. Үүний нөлөөгөөр Хан-Уул дүүргийн нутаг, Туул гол, Богдхан уул орчимд хялмаа бууж, үзэгдэх орчин эрс муудсан гэх. Түүнчлэн “Богдхан уулын салхины дээд талд байрлах “ДЦС-3”, “ДЦС-4” цахилгаан станцын хөргөх цамхгийн оройгоос агаарт тасралтгүй хаяж буй усны уур нь салхины чиглэлийн дагуу нам өндрийн давхраат үүл болон агаар дахь тоосонцортой холилдсоноос тухайн орчинд агаарын чанар хэт муудсан мэт харагдуулж байна” гэжээ. Нийслэлийн агаарын чанарын индекс стандартын түвшин давсан, Улаанбаатар бохирдлынхоо хэмжээгээр дэлхийн хотуудыг “манлайлж” буй үед эдгээр байгууллагынхан таг чиг байдаг атлаа нөхцөл байдал сайжирсан үед, эсвэл “Утаа ихсээгүй” гэсэн “мессеж” өгөх зорилгоор л мэдээлэл түгээж байна. Угтаа бол тэд бодит байдлыг хүлээн зөвшөөрч, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээх нь илүү чухал юм. Өчигдөр 14.00 цагт Баянхошуу орчимд агаар маш их, Дамбадаржаа, Хайлаастад их бохирдолтой байв.