Баян-Өлгий, Увс аймгийн нутаг дэвсгэрт орших Ачит нуурын хоолойд гацсан олон тооны жараахайг байгаль хамгаалагчид, нутгийн иргэд аварчээ. Тодруулбал, тус нуурын хоолойд Алтайн сугасны жараахай үй олноороо гацсан байсныг байгаль хамгаалагчид өнгөрсөн сарын 28-нд илрүүлж, орон нутгийн холбогдох байгууллагад мэдээлэн, тусламж хүсжээ. Улмаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар болон Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид, Баян-Өлгий аймгийн Экологийн цагдаагийн албаныхан, орон нутгийн иргэд хамтран аюулд орсон жараахайнуудыг 20 цагийн дотор чөлөөлж, дөрвөн өдрийн хугацаанд Ховд голд шилжүүлэн суурьшуулжээ. Байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийг тухайн газарт очиход жараахайнууд хүчилтөрөгчийн дутагдалд ороод, хөдөлгөөнгүй гацчихсан байсан гэнэ. Аврах багийнханд загасанд тусламж үзүүлэх зориулалтын багаж, хэрэгсэл байгаагүй нь хугацаа алдах, олон хоног ажиллах нөхцөл болжээ. Тэд усны хуванцар сав, гялгар уут ашиглан жараахайнуудыг зөөврийн саванд хийж, голд нийлүүлсэн байна. Ийм нөхцөл байдал үүссэн шалтгааныг судлаачид гэнэтийн хүйтрэлтэй холбонтайлбарлаж буй бол Ачит нуур-Дэвэлийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Т.Готов гол, нуурын усны түвшин эрс багассантай холбоотой гэв.
Ачит нуур нь Монгол Алтайн нурууны мөнх цас, мөсөн голоос эхтэй Цагаан нуурын, Хатуугийн, Бөх мөрөн, Улиастайн голын усаар тэжээгддэг аж. Сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр нуурын усны тэжээллэг чанар эрс буурч, түвшин нь багасжээ.
Бэлтгэсэн Н.Буян