Зун гишгэх зайгүй шахам болтлоо олны хөлд дарагддаг ч өвөл нь тайгын нам гүм уур амьсгалд уусан шингэчихдэг Хөвсгөл нуур луу хүйтний улиралд жуулчдыг хөтөлдөг томоохон ганц арга хэмжээ бол “Хөх сувд” мөсний баяр. 2000-аад оноос эхлэлтэй уг арга хэмжээг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цэнгэг уст нуураа олон улсад сурталчлан таниулах зорилгоор хөвсгөлчүүд анх санаачилсан бөгөөд цар хүрээ нь жилээс жилд нэмэгдэж, оролцогч, сонирхогчдынх нь тоо өссөөр буй. Мөсний баяраар дунджаар 2000-3000 орчим тээврийн хэрэгсэл, 15 000 гаруйжуулчин цугладаг гэсэн статистик бий. Намар, өвлийн дийлэнх хугацааг “ичээнд” өнгөрөөдөг аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагаа энэ арга хэмжээ болох үеэс сэргэдэг. Орон нутгийн жуулчны бааз, амралтын газар, зочлох үйлчилгээний бусад байгууллагынхан ч мөсний баярын үеэр дориун ашиг олдог. Энэ талаас нь харвал “Хөх сувд” аргахэмжээөвлийн аялал жуулчлалд, орон нутгийн эдийн засагт чухал байр суурь эзэлнэ. Тиймээс зохион байгуулалтын зарим алдаа дутагдал, асуудлаас болж уг арга хэмжээг бүхэлд нь үгүйсгэж, “Хориглоё”, “Зогсооё” гэж эсэргүүцэх нь зохимжгүй. Харин асуудал болоод буй зүйлсийг засаж залруулахад, сайжруулахад анхаарах хэрэгтэй.
Мөсний баярт очсон хүмүүс жуулчны бааз, амралтын газар хүрэлцдэггүй, хоноглох гэр, сууц олддоггүй гэсэн шүүмжлэл байнга хэлдэг. Уг нь тухайн бүсэд амралт, аялал жуулчлалын кэмп өчнөөн бий. Тур оператор, аяллын агентлагууд, зарим туршлагатай жуулчид уг арга хэмжээний тов гарсан даруйд, оны эхээр л байрлах газраа урьдчилаад захиалчихдаг учраас л ийм нөхцөл үүсдэг юм. Энэ бол тухайн аялагчдын хувийн зохион байгуулалт, аяллын төлөвлөгөө, овсгоо самбаанаас л хамаарах зүйл. Заавал нуурын ойр орчмын амралтын газар, жуулчны баазад шавааралдалгүй суурин газарт ч төвхнөх боломжтой. Тэгэхээр энэ асуудалд тухайн арга хэмжээг зохион байгуулагчдыг буруутгах нь өрөөсгөл. Харин жилийн жилд хөндөгддөг ариун цэврийн байгууламжийн хүртээмж, хог хаягдал төвлөрүүлэх, тээвэрлэх үйл явц, мөсөн дээр тээврийн хэрэгсэл олноор байршуулж, цэнгэг усны нөөцөд аюул учруулдаг асуудал зохион байгуулагчдад хамаатай. Тэд үүнд онцгой анхаарах хэрэгтэй.
“Хөх сувд”-ыг Хатгал тосгон дахь Доод модот булан хэмээх газарт, нуурын хамгийн зузаан мөстэй хэсэгт зохион байгуулсаар ирсэн. Ингэхдээ мөсөн дээр гэр, урц барьж, автобус болон бусад төрлийн тээврийн хэрэгслийг ярайтал нь эгнүүлж зогсоогоод, хоёр өдрийн турш тэмцээн, уралдаан зохион байгуулдаг. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эмнэлгийнхнээс эхлээд орон нутгийн төрийн байгууллагынхан энэ үеэр “өндөржүүлсэн бэлэн байдал”-д ажилладаг юм билээ. Ялангуяа гэмт хэрэг, зөрчил, байгаль орчны бохирдлоос сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд түлхүү анхаардаг. Гэвч олон мянган хүнд тэр бүр хяналт тавьж, хүрч ажиллаж чаддаггүй. Цөөн тоогоор байршуулсан ариун цэврийн байгууламжид нь дугаарлаж түвдэлгүй ил задгай бие засах, хогоо зориулалтын бус газарт хаях явдал түгээмэл. Түүнчлэн удаан хугацаагаар мөсөн дээр байршуулсан тээврийн хэрэгслүүдээс шатахуун, тусгай шингэн, шатах, тослох материал асгарч, гол ус бохирдуулах тохиолдол өчнөөн гардаг. Жил болгон л үүнтэй холбоотой халаглал, шүүмжлэл газар авдаг. Гэвч дорвитой арга хэмжээ авч чадалгүй 20-иод жилийн нүүр үзэж байна.
Өнгөрсөн жилийн мөсний баярыг “Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан доор хүрээлэн буй орчинд халгүй байдлаар зохион байгуулах гэж “оролдсон”. Арга хэмжээнээс олсон орлогын зонхилох хувийг байгаль хамгаалалд зарцуулна гэж Хөвсгөл аймгийн Засаг дарга мэдээлж байв. Тээрийн хэрэгслийн төрлөөс хамаараад 20-40 мянган төгрөгийн хураамж авч, хог хаягдал цэвэрлэх, орчны бохирдол бууруулахад зарцуулахаар төлөвлөсөн. Үүнийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн, эсэхийг мэдэхгүй. Ямартай ч жуулчид Хөвсгөлийн трэнд болсон уг арга хэмжээг байгальд ээлтэйгээр зохион байгуулах, эс бөгөөс хориглох шаардлагатай гэсэн шүүмжлэлийг өнгөрсөн онд ч өмнөхийн адил хэлсээр байсан юм. 2022 оны мөсний баярт оролцсон нэгэн танил минь “Монголчууд Аварга тосон, Тэрэлж, Хөвсгөл гээд аялал жуулчлалын гол бүс нутгуудаа сүйтгээд дуусгаж буй гэдэг нь үнэн юм байна. Германы мэргэжилтнүүд Аварга тосонг амраах шаардлагатай гэж зөвлөсөн гэсэн. Харамсалтай нь, монголчууд зөвлөгөөг нь хүлээж авалгүй дайрсаар байгаад, авралгүй болгосон. Хөвсгөл ч энэ замаар явж байна. Технологийн инкубаторын захирал Ч.Батсүх Хөвсгөлийн эрэг орчмын жуулчны баазууд бохир ус тээвэрлэх зориулалтын техник хэрэгсэлгүй, машинтай нэг нь тээвэрлэж зөөхдөө хойрголдог учир хаягдал хуримтлуулдаг савныхаа ёроолыг зориуд цоорхой байлгаж, нуурын ойр орчмын хөрсөнд шингээдэг гэж анхааруулаад цөөнгүй жил боллоо. Жанхайн сайр, Хатгалын иргэд ундаалдаг хэсэг, завины зогсоол бүхий нуурын хэд хэдэн байршлаас дээж авч шинжлээд нянгийн бохирдолтойг тогтоосон юм билээ. Одоо нөхцөл байдал бүр ч дордсон. Мөсний баяр цэвэр усны мөхөл дагуулах вий” хэмээн сэрэмжлүүлсэн юм.
Өнгөрсөн оны эхээр Ерөнхийлөгчийн ивээл доор Төрийн ордонд зохион байгуулсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы үеэр хөндсөн гол асуудлуудын нэг нь ч мөс бохирдуулдаг мөсний баярын асуудал байв. Ерөнхийлөгч уг чуулганыг нээж үг хэлэхдээ аж ахуйн нэгжүүдийн хариуцлагагүй байдал, иргэдийн зохисгүй үйл ажиллагааны нөлөөгөөр цэнгэг уст Хөвсгөлийн экосистем жилээс жилд доройтож, ус нь ихээхэн бохирдсоныг онцолсон. Улмаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан, Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг томилсон билээ. Уг ажлын хэсгийнхэн нуурын орчим дахь жуулчны бааз, амралтын газруудын үйл ажиллагаанд хяналт тавихаас эхлээд тэнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, зохион байгуулах арга хэмжээнд хүртэл санаа тавьж ажиллах чиг үүрэг хүлээсэн. Тэд энэ ажлынхаа тэргүүнд “Хөх сувд”-ыг хүрээлэн буй орчинд халгүй, аюулгүй зохион байгуулалттай болгох зорилтыг эрэмбэлээсэй гэж хүсэж байна.
Манай улс далай ээжийг хамгаалах асуудалд сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байгаа. Энэ онд багагүй ажил хийсэн. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрыг хүн төрөлхтний амьдрал, хүрээлэн буй орчинд чухал нөлөөтэй экосистем гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүллээ. Цаашид нуурыг хамгаалахын тулд ойр орчим дахь хур хогийн цэгүүд, стандартын шаардлага хангахгүй модон жорлонгуудыг устгах, живсэн техник хэрэгслүүдийг үе шаттайгаар татан гаргах, усны чанарын лабораториудыг шинэчлэх, судалгаа шинжилгээний төв байгуулах цогц ажил хийхээр төлөвлөөд буй. Түүнчлэн 2024 он хүртэл аялал жуулчлалын зориулалтаар газар нэмж олгохгүй байх шийдвэр гаргасан. Хөвсгөл нуурыг хамгаалах асуудлыг ингэж нухацтайгаар хөндөж, дэвшүүлж буйэнэ цаг үед л бид цэнгэг усны нөөцөө аюулаас холдуулах, бохирдлоос нь ангижруулах арга замыг эрэлхийлэх нь зүйтэй болов уу.
Хөвсгөлийн мөсний баяр өнөө жил гуравдугаар сарын 5-ны дотор болох нь. Ерөнхий зохион байгуулагчаар БОАЖЯ ажиллах гэнэ. Өнгөрсөн жилийн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгээр ажилласан Н.Мөнхжаргал “2022 оны “Хөх сувд”-ынгол зохион байгуулагч ньХөвсгөл аймгийн ЗДТГ, орон нутгийн байгууллагууд байсанбол энэ жилээс яам хариуцна. Гуравдугаар сарын 5-ны дотор зохион байгуулах урьдчилсан тов гарсан. Байгаль орчны бохирдлын асуудалтай холбоотойгоор энэ удаагийн арга хэмжээг өөр газарт зохион байгуулж болзошгүй” гэв. Харин БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхнаас энэ талаар лавлахад “Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Орон нутгийн иргэдийн ярьж буйгаар тээврийн хэрэгслүүдийг нуураас зайдуу газарт нэгдсэн журмаар байршуулах, эсвэл автомашины зогсоол, замтай шинэ газарт мөсний баяр зохион байгуулах зэрэг хувилбар дуулдаж эхэлжээ. Тэрчлэн 2023 оныг Монголд зочлох жил болгонзарласантай холбоотойгоор ирэх сарын сүүлчээр Хөвсгөлд “Цас, цааны баяр” хэмээх шинэ арга хэмжээ товложээ. Үүнийг нуурын аль хэсэгт, ямар байдлаар зохион байгуулах нь мөн л тодорхойгүй байна. Нэг л зүйл тодорхой байгаа нь далай ээж энэ өвөл өмнөх жилүүдийнхээс ч олон хүний хөлд дарагдах нь. Тэр хэрээр хүрээлэн буй орчны асуудал тулгарах нь дамжиггүй. Тиймээс БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхан, нуурыг хамгаалах чиг үүрэгтэй байнгын ажлын хэсгийнхэн эдгээр арга хэмжээг дэгтэй зохион байгуулахад эртнээс анхаарах шаардлагатай.