Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилсныг удирдах ажилтнуудад танилцуулав. Шинэхэн дарга “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүсжээ. Иймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэх мэдээллийг өглөө.
Мөн золбин нохой, муурын устгалд сумны асуудал хөндөгддөг. Энэ квотыг хот авах хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгснөө хэллээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нар сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн талаар мэдээлэл өгч, нийслэлээс хийж байгаа ажлуудыг танилцуулав. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ёстойг түүнд онцолж сануулав.