МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ:
“Бүрэн эрхт, эрх чөлөөт ардчилсан Монгол Улсын ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Дэлхий дахинд цар тахал үргэлжилж, дайн тулаан дэгдэж, геополитикийн ээдрээтэй байдал даамжирч, хүнсний хомсдол, үнийн өсөлт, хил боомтын хүндрэл гээд олон арван бэрхшээл, сорилт нүүрлэсэн амаргүй нэгэн жилийг хүн төрөлхтөн үдэж байна.
Монголчууд бидний хувьд ч гэсэн амжилт бүтээл, алдаа оноо хосолсон, итгэл найдвар, эргэлзээ бухимдал хоршсон нэгэн оныг хамтдаа үдэж байна.
Энэ амаргүй цаг үеийг хохирол багатай даван туулж, эдийн засгаа сэргээхэд төр, засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин, ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө хүчин зүтгэсэн аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Хэдийгээр дэлхий дахинд геополитик, геостратегийн нөхцөл байдал хүнд байсан хэдий ч Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд амжилттай хийгдэж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой жил байлаа. Үүний нэг тод жишээ бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад хүрэлцэн ирж, “Дэлхий ертөнцийн энэхүү амаргүй цаг үед Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлсэн явдал юм.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Улиран одож буй 2022 он бол манай ард түмэн эх орныхоо байгалийн баялагт эзэн байх зүй ёсны шаардлагыг тавьсан, манай залуу үе нийгэмд хариуцлага, шударга ёс тогтоохыг шаардсан жил байлаа.
Ард түмнийхээ дуу хоолой, хүсэл зориг, санал шаардлагыг соргогоор мэдэрч ажил хэрэг болгох явдал нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм.
Монголчууд бид одоогоос 30 гаруй жилийн өмнө ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хийж чадсан гайхамшигтай ард түмэн.
Ардчилсан ололт, амжилтаа бататгана гэдэг бол алдаа, оноогоо байнга засаж, шинэчлэн сайжруулж байдаг тасралтгүй хөгжлийн үйл явц юм.
Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн.
Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй.
Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, баялагтаа эзэн монгол байхын төлөө сүүлийн жилүүдэд төр, засаг, ард түмэнтэйгээ хамтран олон тэмцэл хийсэн.
Үүний үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Хөтөлийн цемент шохой”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авч, хулгай, луйврыг таслан зогсоосон бөгөөд хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцалж, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад авч, заримыг нь дархан цаазат газар болгон дархалсан билээ. Мөн манай ард түмний баялаг болох Оюу толгойгоос хүртэх үр өгөөж, ноогдох ашгийг бас бодитойгоор нэмэгдүүлж чадлаа.
Үүний нэгэн адилаар өнөөдөр Тавантолгойн нүүрсний орд газартай холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсоож, сахилга хариуцлага, дэг журмыг чандлан тогтоохын төлөө төр, засаг, хууль хяналтын байгууллага, ард түмэнтэйгээ хамтран тэмцэж байна.
Цаашид баялагтаа эзэн монгол байхын тулд стратегийн орд газрууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд ард түмний хяналтыг тогтоож, ил тод, нээлттэй болгох ёстой.
Мөн ард иргэддээ байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Эх орондоо эзэн байна гэдэг бол байгалийн баялагтаа эзэн байна гэсэн үг.
Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүн төрөлхтөн хүйтэн дайнаас хойших хамгийн ээдрээтэй цаг үеийг туулж байна. Энэ эгзэгтэй үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал зүйл бол үндэсний эв нэгдэл юм.
“Хот айл муудалцахад холын дайсан баярладаг” гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн. Иймээс бид эвийг сахиж, зөвийг эрхэмлэх нь юу юунаас илүү чухал билээ.
Бидний цөөхөн Монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай.
“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээн Их Эзэн Чингис хаан сургасан билээ.
Тиймээс Их эзэн хааныхаа үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ хадгалан хамгаалж, талцаж биш эвлэж, зөрчилдөж биш зөвшилцөж, тарж биш нэгдэж амьдрах нь монголчуудын хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно.
Он солигдох энэхүү торгон мөчид айл өрх бүр баяр баяслаар хөтлөгдөж, алдрай бяцхан үрсийн инээд хөөр цангинаж, халуун ам бүл, хайртай бүхэнтэйгээ хамтдаа баярлаж байгаа Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэе.
Ирж буй 2023 онд даян дэлхийд амар амгалан тогтож, даяар монгол түмэн минь итгэл дүүрэн, сэтгэл тэнүүн, үйлс арвин, цог хийморь төгс сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”