Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийг ханган ажилладаг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, олон улсын стандарт нэвтрүүлснийг баталгаажуулсан анхдагч гэрчилгээг гурван жилийн хугацаатай олгосныг Эрчим хүчний яамнаас мэдээлэв. Эл тогтолцоог дэлхийн 178 оронд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд менежментийн тогтолцооны хамгийн шилдэг стандарт гэдгийг тодотголоо. Уг стандарт нь байгууллагын үйл ажиллагааны процесс, үйлчилгээний чанарт хяналтын тогтолцоо бий болгож, хэрэглэгч, харилцагчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж буй, эсэхийг хянан сайжруулах зорилготой аж. Үүнийг нэвтрүүлснээр чанарын менежментийн тогтолцооны шаардлагыг бүрэн ханган ажиллаж, үйл ажиллагааны шат бүрт хяналт, гүйцэтгэлийн үнэлгээг чанаржуулах ач холбогдолтой гэнэ. Мөн харилцагчийн үйлчилгээний чанарыг тогтмол хэмжиж, сайжруулалтын хэрэгжилтийг шуурхай ханган ажиллах, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөн хөрөнгө оруулалт татах, томоохон төслүүдэд хамрагдах зэрэг боломж бүрдэх юм байна.
Бэлтгэсэн Б.Сонор