Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барих үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцжээ. Тодруулбал, 2014 онд НИТХ-ын тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэн журмын төслийг найман зүйлтэйгээр боловсруулсан байна.
Шинэ журамд архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос эхлээд барилга ашиглалтад оруулах хүртэлх үйл ажиллагааг нарийвчлан зааж тусгасан бөгөөд Газрын тухай болон бусад хуульд багтсан заалтуудыг хассан. Түүнчлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолд, хориглох зүйл, хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн байна. Зөвлөлийн гишүүд журмыг төслийг хэлэлцэж, гаргасан санал, зөвлөмжийг тусган НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо.