Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн гүүрний баруун урд талд байрлах “Woody”s residence” хотхоны бохирын худаг хальж, Туул голын ойр орчимд их хэмжээний хаягдал ус тархаад буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл БОАЖЯ-наас энэ асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрх бүхий байгууллагуудад яаралтай арга хэмжээ авах, хамтран ажиллах хүсэлт илгээсэн байна. Эрчим хүчний зохицуулах хороонд хүртэл ханджээ. Тус хороонд хүргүүлсэн хүсэлтэд “Тухайн хэсэг дэх байгууллагуудад танай хороо эрчим хүчний зөвшөөрөл олгодог тул тэдэнд шаардлага тавьж, бохирын худгийн хэвийн ажиллагааг ханган, байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг яаралтай таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллахыг хүсье” гэжээ.
Байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан энэ төрлийн зөрчлийг холбогдох байгууллагынхан илрүүлээд л өнгөрдөг, дорвитой арга хэмжээ авдаггүй гэсэн иргэдийн шүүмжлэлд БОАЖ-ын сайд “Зүгээр өнгөрөөдөг тогтолцоог хална. Яам мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх эрхээ авах нь чухал байна” гэжээ.