Малын эмч мэргэжилтэй, нохой сургагчаар олон жил ажилласан Ж.Болд-Отгон хэмээх залуу нохой тэжээдэг хүмүүст нийтлэг тулгардаг асуудлыг шийдэх зорилгоор байршуулах үйлчилгээний төв нээжээ. Нохойтойгоо хамт байх боломжгүй, хэн нэгэнд үлдээх шаардлагатай тохиолдолд хүмүүс тус төвд хандаж болох нь. Тодруулбал, амарч зугаалах, томилолтоор явах, орон нутагт ажиллах, эмнэлэгт хэвтэх зэрэг зайлш гүй шаардлагатай үедээ нохойгоо даатгах боломж той гэсэн үг. Хамгийн багадаа 3-7 хоног, ихдээ сарын хугацаанд байршуулах юм байна.
“Шандын харуул” төв Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баруунтуруунд байрладаг. Тус төв энэ сарын 24-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Одоогоор 10 үйлчлүүлэгч хүлээж аваад буй. Нэг дор 20 нохой байршуулах хүчин чадалтай аж. Үйлчлүүлэгчдээ хүлээж авахдаа “Гурваас дээш сартай, вакцинд бүрэн хамрагдсан, хэт догшин авиргүй байх” гэсэн шаардлага тавьдаг гэнэ. Гэрийн тэжээвэр амьтны эрхийгхамгаалахад онцгой анхаардаг улс орнуудад нохой, мууртзориулсан байршуулах үйлчилгээний болон өдөр өнжүүлэх төв олон байдаг. Монголд ийм газар цөөн бий ч олон улсын жишгээр, зөвхөн ийм үйлчилгээ үзүүлэх зорилгоор тусгай байр барьж, байгуулсан нь үгүй аж. Харин Ж.Болд-Отгон эл төвийг стандарт, жишгийн дагуу байгуулжээ.
Байршуулах төвийн ажилтнууд нохойнуудыг цагийн хуваарийн дагуу зөв хооллож, салхилуулан, бие засуулж, усанд оруулахаас гадна нийгэмшүүлэх сургалт, үзэсгэлэн, тэмцээний бэлтгэлд хамруулах боломжтойг хэлэв. Түүнчлэн нохой тэжээж эхэлж буй, үржүүлдэг хүмүүст мэргэжлийн зөвлөмж, чиглэл өгөх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Тэрбээр цаашид уг төвөө нохойнсувиллын газар болгох зорилготой.