“Н” нь өөрийн найз бүсгүйгээ түүний өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгслээс нь гар руу нь цохих зэргээр хүч хэрэглэн чирч буулган тээврийн хэрэгсэл болон гар утас зэргийг дээрэмдэн авч нийт 10.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос “Н”-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх “Н”-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч “Н”-ийн зүгээс “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргаснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, прокуророос “Н”-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хувийн таарамжгүй харьцаанаас болж муудалцан гар руу нь цохиж, машинаас нь чирч буулган орхиод машиныг нь жолоодож явсан нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Учир нь “Н” ба хохирогч нар нь хамтран амьдардаг буюу дотно харилцаатай бөгөөд “Н”-ийн үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэн үзэх үндсэн шинж болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар хохирогч руу довтолсон шинжгүй, мөн дээрмийн гэмт хэргийн үндсэн шинж болох эд хөрөнгийг шамшигдуулах зорилгогүй гэж үзэж түүнийг цагаатгасан байна.
“Н” болон түүний найз бүсгүй нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэсэн байгаа түл тэдгээрийг хамтран амьдрагч гэж ойлгохоор хуульд заажээ.
Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг бүхэлд нь хянадаг.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан