Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Woody’s residence” хотхоны бохирын худгаас их хэмжээний ус хальж, ойр орчмынхоо хөрсөнд нэвчин, Туул голд аюул учруулах хэмжээнд хүрсэн байжээ. Энэ талаарх мэдээллийг тухайн хорооны иргэд Туул голын савгазрын захиргаанд өчигдөр өгснөөр мэргэжилтнүүд газар дээр нь хяналт шалгалт хийж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг тогтоожээ. Улмаар байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоолгож, холбогдох хүмүүст хариуцлага тооцуулахаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан байна.
Туул голын савгазрын захиргааны Мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны дарга Б.Оюунболдын тэмдэглэснээр “Woody’s residence” хотхоны бохирын худгийн ус татан зайлуулах хийн шахуурга өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр эвдэрч, тэр цагаас хойш бохир нь хальж, хөрсөнд нэвчжээ. Тухайн хотхоны байрууд хариуцсан СӨХ-гүй, төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, албан ёсны хаяг, байршлын мэдээлэлгүй гэнэ. Мөн оршин суугчдынх нь дунд байрны гэрчилгээгээ авч чадаагүй хүн цөөнгүй бий аж. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж чадалгүй, оршин суугчид нь нэгнийгээ харсаар өнөөдрийг хүрчээ. Бохир нэвчсэн хэсгийн мөсийг цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, хөрсийг нь нөхөн сэргээх шаардлагатайг дээрх мэргэжилтэн хэллээ.