Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт өчигдөр 06.06 цагт газар 4.1 магнитудын хүчтэй хөдөлжээ. Тухайн бүс нутаг нь эзгүй зэлүүд учир чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Үүнээс гадна сүүлийн долоо хоногт дөрвөн удаа газар хөдөлсөн байна. Тэгвэл энэ онд ийм тохиолдол хэр олон бүртгэгдсэнийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Номин-Эрдэнээс тодруулахад “Манай орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүсэд энэ онд газар 80 795 удаа хөдөлжээ. Үүнээс манай улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нь 53 630 байна” гэв. Тэдгээрийн дотор 3.5 магнитудаас дээш хүчтэй буюу хүнд мэдрэгдэх хэмжээнийх нь 35 байжээ. Мөн дөрвөн магнитудаас дээш хүчтэй нь 15, таваас дээш нь хоёр удаа бүртгэгдсэн аж. Газар хөдлөлтийн давтамж өнгөрсөн оныхоос нэмэгдсэн, эсэхийг Э.Номин-Эрдэнээс лавлахад “Бага зэрэг нэмэгдсэн. Ялангуяа хүчтэй хөдлөлт ихэссэн байна. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Ханх сумд газар хүчтэй хөдөлсөн. Үүний дараах давтан хөдлөлтүүд энэ жил ч үргэлжилсээр байгаа нь нийт тоо бага зэрэг нэмэгдэхэд нөлөөллөө. Ер нь Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг учраас чичирхийллийн тоо өндөр. Энэ онд ихэнхдээ баруун бүс нутагт газар хөдөлсөн” гэв.
Бэлтгэсэн М.Оч