Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт жил бүр зохион байгуулдаг харшийн сүлд модны наадмыг энэ удаа “Аз жаргалын хотхонд” хэмээн нэрлэжээ. Хотлоороо, даяараа энх тунх амар тайван, эв эетэй амьдарч, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь хүн төрөлхтний эрхэм зорилго, юу юунаас үнэ цэнтэй үйлс гэдгийг ухааруулах сэдвийн хүрээнд бэлтгэсэн “Аз жаргалын хотхонд” энэ сарын 21-27-нд болж буй. Өдөр бүр 600-650 хүүхдийг үлгэрийн, ид шидийн ертөнцөөр аялуулж, нэг өдөр сайхан амрааж, амттай хоол, ундаар дайлж, гоёхон бэлэгтэй үддэг эл арга хэмжээ бол “Найрамдал”-ын нэгэн бахархал, чухал брэндүүдийнх нь нэг юм. Энэ оны сүлд модны наадам тун онцлогтой бөгөөд ирэх жил тохиох 45 жилийн ойг угтсан давхар хариуцлагатай үйл явдал гэсэн. Харшийн наадам гэхээр өвлийн өвгөн, цасан охид, үлгэрийн баатрууд, сүрлэг гацуур, гялтганасан гэрэл, чимэглэлүүд санаанд бууна. Энэ бүхний “цаана” улиран одох оны ажлыг дүгнэн, ирэх жилийг угтах өрнүүн бүтээн байгуулалтуудын “тайлан” хөвөрдөг нь шинэ жилийн баярын гол онцлог билээ. Юуны түрүүнд “Найрамдал” цогцолборынхны ололт, амжилт, бүтээн байгуулалтын талаар өгүүлье. Гацуурын мөчрүүдийг гялтгануулах бас нэгэн чимэг зүүлт нь хамт олны амжилт, ажил үйлс байдаг шүү дээ.
ШИНЭ СТАНДАРТТАЙ ОН
1978 онд байгуулагдсан олон улсын “Найрамдал” зуслан анх хүүхдүүдээ зуны байрнуудад хүлээн авдаг байлаа. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй цогцолбор барилгуудыг 1981 онд ашиглалтад оруулсан түүхтэй. Түүнээс хойш 40 жилийн хугацаанд нэг ч удаа бүрэн зав сар хийгээгүй. Барилгын элэгдлийг тооцон зас вар, үйлчилгээ хийх шаардлагатай талаар үе үеийн удирдлага нь төр, засгийнханд уламжилсаар иржээ. Үүний үр дүнд “Найрамдал” цогцолборын барилга, байгууламжуудыг их засварт оруулах шийдвэрийг Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 1-нд гаргав. Уг ажлыг тодорхой үе шаттай хийх бөгөөд энэ оны хувьд өвлийн хэмээдэг төв байр болон дулааны станцыг иж бүрэн засварлаж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх болсон. Үүнд 8.2 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна. Ирэх оны хоёдугаар сард төв байрыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар тус цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбат ярилаа. Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, “хүүхдийн” хэмээх тодотголтой, Монголын цор ганц цогцолборыг засаж тордоход төр, засаг анх удаа том алхам хийсэн нь яах аргагүй талархууштай үйл явдал.
Үүний зэрэгцээ “Найрамдал” энэ оныг амжилт, бүтээл арвинтай үдэж байна. Юуны өмнө мөрдөж байсан ISO-9001:2015 стандартаа шинэчилснээс гадна Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлжээ. Ерөнхий захирлын дурдсанаар орлогын төлөвлөгөөгөө 140 гаруй хувиар давуулан биелүүлснээр гэр бүлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа залуучууд болон багш, ажилтнуудаа урамшуулах, дэмжих хөшүүрэгтэй болсон аж. Мөн 13 дахь цалингийн урамшуулал олгосноос гадна хог ачдаг машинаа шинэчлэх, тоног төхөөрөмжүүд худалдан авах, төв байрны шинэчлэлд зэргээр зарцуулж буй гэсэн. Энэ бол дотоод нөөц бололцооны том амжилт юм. Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд өвлийн байрны ор, тавилга, төхөөрөмжүүдийг бүрэн шинэчлэх болсон байна. Гал тогооны төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг мөн л гадаадын тусламжаар энэ онд бүрэн шинэчилсэн гэдгийг дуулгалаа. Түүнчлэн улирч буй оныг үйлчилгээгээ өргөжүүлэх, гадаад харилцаагаа бэхжүүлэх, шинэ гарц хайх тал дээр онцлох амжилтуудтай үдэж, 2023 оныг хамтын ажиллагаа, түншлэлийн жил болгосноо “Найрамдал”-ын захирал онцлов.
Тус байгууллагынхан Хөгжлийн хөтөлбөрөө шинэчлэхээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд багагүй хөдөлмөр зарцуулж, эрэл хайгуул, судалгаа хийсэн юм. Ирэх оноос шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэх буюу бодит орчинд нь сургалт явуулах, өөрөөр хэлбэл, багш яриад хүүхдүүд сонсдог уламжлалт аргыг халж, тухайн төхөөрөмж, аппараттай ажиллаж, лаборатори орчинд танин мэдрүүлэх боломжууд бүрдэх аж. Тухайлбал, эх орноороо аялж, мөн дэлхийн өвүүдийг үзэх боломж хүн бүрт байхгүй. Гэхдээ үүнийг виртуал орчноор дамжуулан мэдрүүлэх боломжтой. Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санхүүжилтээр “Найрамдал” соёлын өвийн VR танхимтай болж байгаа аж.
“Хараацай” театрт түшиглээд кино, дуу бичлэгийн студи байгуулах ажлын эхлэл ч тавигджээ. 2023 онд усан спортын цогцолборын эхний ээлжийг ашиглалтад оруулах төлөвлөгөө нь биеллээ олоход ойрхон байна гэхчлэн бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэгээтэй мэдээлэлтэй зэрэгцээд олон улсын “Найрамдал” цогцолборын “Аз жаргалын хотхонд” харшийн сүлд модны наадмын баатрууд үлгэрийн орны ид шидийг дэлгэн, хорон санаат шулмууд хүртэл ганц удаа сайн үйл хийж хүүхдүүдийн баярыг саатуулахгүйгээр шийдэж, үүндээ баярлан хөөрч байх юм. Ер нь “Найрамдал”-ынхан сүлд модны наадмаа сургамжит үлгэр хэлбэрээр зохион байгуулдаг онцлог уламжлалтай. Энэ нь тэдний нэг брэнд. Байгаль орчноо хайрлах, бусдыг хүндэлж, эв эеийг хичээхийн чухлыг гэхчлэн аливааг театрчилсан тоглолтоор дамжуулан ойлгуулахыг зорьдог эднийхэн энэ удаа шулмуудыг ч сэнхрүүлж дөнгөжээ. Харшийн наадмын сониноос одоо дуулгая.
“ХАМТ БАЙХ НЬ ХАМГИЙН ГОЁ”
“Ковид-19”-ийн улмаас нэг жил өнжөөд, 2021 онд онлайнаар зохион байгуулсан “Найрамдал”-ын харшийн сүлд модны 40 дэх наадам энэ удаа онцгой “амьд” болж байна. Хэдийгээр хүсэх зүйл биш, муухай өвчин ч гэлээ коронавирус хүн хоорондын харилцаа, хүндлэл, энэрэл ямар чухлыг мэдрүүлснийг энд ирсэн хүүхэд, томчуул бүгд л ярьж байв. “Найз нартайгаа дуулж, бүжиглэж хамтдаа баяраа тэмдэглэх нь ямар “амттай” юм бэ гэж нүд нь гялалзах бүжигчин хүүхдүүд энэ наадмын супер чимэг байсныг онцолъё. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн уянга Борхойн дэг” чуулга, Өвөрхангай аймгийн “Болор 4” болон Сэлэнгийн Түнхэл тосгоны “Эрдэнэс 5” хамтлагийнхан анх удаа хамтран “Найрамдал” монгол бүжгийн чуулбар толилуулж үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн юм. Халаагаа өгч буй бар жилийн өнгийг тодотгосон, эл амьтны сүр хүчийг бэлгэдсэн уран нугаралтын үзүүлбэр мөн л гайхалтай байв. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн “Уран нугаралт” хамтлагийн охид ярвигтай трюкүүдийг ядах юмгүй гүйцэтгэж, үнэхээр “сүрдмээр” байсны зэрэгцээ эл үзүүлбэрийн найруулга, дэглэлт, дуу хөгжмийн сонголт сэтгэлд гойд нийцсэн. Үүнийг найруулж, дэглэсэн Б.Түмэнжаргал Сэлэнгэ аймгийн Соёлын ордны дэргэдэх уран нугаралтын дугуйлангийн багш, хувцасны эрхлэгчээр ажилладаг аж. Гал унтраах техник спортоор хичээллэж байсан, шаардлага гарвал “нугарч, хугарч” ч мэдэх авьяастай тэрбээр “барнуудын” хувцсыг ч урлажээ. Ийм л элдэвтэй, авьяастай олон залуу багш, мэргэжилтэн орон нутгийн хүүхдүүдийг хөгжүүлэхийн төлөө ур чадвараа зориулж яваад талархууштай. Б.Түмэнжаргал багшийн шавь нар олон жилийн турш “Найрамдал”-ын төрөл бүрийн хөтөлбөр, тоглолтод шилэгдэн уригдаж байгаа талаар тэрбээр бахархан ярилаа.
Тус цогцолборын аргазүйч П.Ариунзаяагийн мэдээлснээр “Дэлхий ижийгээ аваръя, хамгаалъя” уриатай “Аз жаргалын хотхонд” харшийн наадмын нэгдсэн тоглолт 153 хүний хүч хөдөлмөр, ур ухаанаар “боссон”. Тэдний 96 нь нийслэл болон Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймгаас шилэгдсэн сурагч.
Шинэ жил, сүлд модны наадмын гол баатар нь өвлийн өвгөн. “Найрамдал”-ын сүлд модны наадмыг жил бүр илүү сонирхолтой, хөгжилтэй болгодог таван “өвгөнийг” онцлохгүй байх аргагүй. Таван тивээс “ирж”, хүүхэд, багачуудад бэлгэ гардуулдаг тэдний нас энэ удаа жаахан “өндөр” буюу 7-9-тэй байлаа. Өмнөх жилүүдэд тав, зургаан настай “манцуйтай” жаалууд лхүндтэй үүргийг гүйцэтгэж байсныг уншигчид маань санаж буй биз ээ.
Энэ наадмын хамгийн “залуу” өвгөн Д.Элбэгсайхантай хууч хөөрлөө. “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хоёрдугаар ангийн сурагч тэрбээр “Өвлийн өвөө болохоор жаахан ядардаг ч хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулахад маш гоё. Сэтгэл хөөрөөд байдаг” гээд жигтэйхэн инээв. “Өөрөөсөө том ах, эгч нарт бэлэг өгөөд үнсэхээр инээд хүрээд байдаг шүү дээ” гэх түүнээс хэдхэн сарын ах өөр нэгэн “өвгөн” Б.Мөнхлөн харин бэлэг өгсөн хүүхдүүдээ үнсэхээр “Жинхэнэ өвөө болсон юм шиг санагдаад гоё шүү дээ” гэж хариулав. “Жэт” сургуулийн 2а ангийн сурагч түүнд оногдсон дүрээс нь гадна “Найрамдал”-ын хоол үнэхээр таалагддаг гэж ярилаа.
10 нас “зооглож” буй Т.Түвшин-Амгалан өвлийн өвөө нар дундаасаа арай буурьтай нь. Биеэ авч яваа байдал, үгээ цэгцтэй, тод, уянгалуулан хэлэх нь ч илүү аж. “Оюунлаг” сургуулийн 5б ангийн сурагч тэрбээр “Ковид”-ын хөл хорионы үеийг ашиглаад шүлэг уншиж хэллэгээ сайжруулсан. “Бөөрөнхий” хэлтэй байсан чинь засарсан” гэж ярих нь хэзээний том хүн шиг юм. Тэрбээр анх удаа харшийн сүлд модны наадамд оролцож байгаа ч хэдхэн хоногийн дотор арвин туршлагатай болжээ. “Ерөнхийдөө” гэж үг болгоны өмнө хэлдэг хэвлүүхэн “өвөө” бэлэг гардуулсныхаа дараа хүүхдүүдийг үнэрлэх нь үнэхээр өхөөрдөм. Хэзээний л өвөө шиг. Австрали, америк, европ, африк, монгол өвлийн өвөө нар “Хүүхдүүд баярлуулж, насан туршид нь сайхан дурсамж бүтээж байгаагаараа бахархаж” буйгаа хэлсэн. Тэгээд зогсохгүй “сургамжаа” хайрлан эв эеийг хичээхийг та бүхэндээ захисныг уламжилъя, болгооно уу. Өхөөрдөм хөөрхөн “өвөө” нар маань тайзан дээр хүүхдүүдэд бэлгээ гардуулахаа заримдаа мартаж, өөрийгөө хүүхэд болохыг сануулж байсныг энд сонирхуулан бичлээ, уучлаарай.
“Найрамдал” цогцолборын дэргэдэх “Хараацай” театрт ийнхүү хүүхэд, багачуудын баяр баясал, инээд хөөр “нүргэлж” байна. Нэг цаг хагас үргэлжлэх бүтэн хөтөлбөртэй эл тоглолтын зохиолыг бичиж, найруулсан хүн нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат. Тус байгууллагын ерөнхий захирал тэрбээр олон улсын “Найрамдал” төвийн түүхэн дэх 40 удаагийн харшийн сүлд модны наадмыг сүүлийн 30 жилд найруулан, зохион байгуулсан уран бүтээлч, удирдагч гэдгээрээ онцлог. Тэрбээр аливаа ажил, урлагийн тоглолт, наадам зэргийг баг хамт олныхоо нөөцөд тулгуурлан, тэдний хөрвөх чадварыг хөгжүүлэн, нээж зохион байгуулдаг гэдгийг үе үеийн “найрамдалчууд” ам уралдан ярьдаг юм билээ. Түүнчлэн тэрбээр зорилтот бүлгийн хүүхдүүдийг үүнд арга оролцуулж, тэднийг хөгжүүлэн, дэмжихэд түлхүү анхаардгийг харшийн болон бусад наадмыг бүтээлцсэн, өдгөө ч хамтран ажиллаж буй уран бүтээлч хүүхдүүд ярьж, талархлаа илэрхийлснийг сониноор уламжилъя. Ийм “нялуун” үг урсгах болсон шалтгаан нь “Хараацай” театрын уран бүтээлүүд, хамт олон нь мэргэжлийн түвшинд хэдийн хүрснийг “Аз жаргалын хотхонд” дахин баталлаа. Тайз засал, чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл, сүүдэр, эффект, уран бүтээлийн донж, дэглэлт, гүйцэтгэл гээд бие даасан театр болон торниж буй нь бахархалтай. Тэндхийн уран бүтээлчдийн олонх нь нийслэл, орон нутгийн авьяаслаг сурагч. “Найрамдал”-ын багш, ажилтнууд ч үндсэн ажлынхаа хажуугаар мундаг жүжигчин, дуучин, хөтлөгч гэдгийг олон тоглолт, наадмаас харж болно. Жишээ нь, харшийн наадмын туслах найруу лагчаар зургаа дахь жилдээ ажилласан М.Ариунбаяр хүүхдүүдэд хүндлэгдсэн багш, бүлгийн удирдагч. Тэрбээр найруулга талын гол баатраас гадна өмнө жилүүдэд шидтэний дүрд хувирч байсан бол энэ удаа шинэ дүр төрхөөр хүүхдүүдтэй уулзаж буй. Түрүүхэн тайзан дээр алиа салбадайн дүрээр гарсан нэгбагш хувцсаа сольчихсон дуучин болсон харагдана. Энэ мэтээр хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг “Найрамдал”-ын харшийн наадамд нэг хүн нэжгээд дүрээр оролцож нөр их хөдөлмөр хүч зарцуулдгийг эндээс харж бахархдаг. Б.Отгонбат “Жил бүрийн харшийн сүлд модны наадам манай хамт олны хөдөлмөр хүч, мөн уран бүтээлч хүүхдүүдээ бэлтгэдэг бүх багш, мэргэжилтнүүдийн нөхөрлөлд суурилсан баяр. Та бүхнээрээ үргэлж бахархан талархдаг” хэмээн онцолсон юм. Тэрбээр үе үеийн захирал, тэр дундаа Т.Түвшин багшийнхаа зарчим, уламжлалыг хадгалахыг хичээж, тэр хэрээр харшийн наадамдаа хичээн бэлтгэдэг гэсэн.
“НАЙРАМДАЛ”-ЫН НЭГЭН БРЭНД-ХООЛНЫ АМТ
Тус цогцолборын хоол, үйлчилгээний хамт олон ааш сайтай, унд, хоол нь амттайгаараа алдартай. Ерөөс энэ байгууллагын нэгэн брэндийг амттай хоол нь гэж болно. Өнөөдрийн байдлаар 154 ажилтантай үйл ажиллагаа явуулж буй тус хамт олныг болон амрагч хүүхдүүдийг шим тэжээлтэй хоол, ундаар 24 цагийн турш хангадаг гал тогоонд 20 гаруй хүн ажилладаг. Тус байгууллагад тасралтгүй 22 жил ажиллаж буй тогооч О.Байгал өдгөө хамт олноо удирдаж байна. Үйлчлүүлэгч болон ажилчдын хоолны хэсэгт нэг ээлжид тогооч, зөөгч, мах, ногоо, талх, нарийн боов, амттан бэлтгэдэг нийт 15-16 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг аж. Өдөртөө дунджаар 500 хүний хоол бэлтгэдэг тус гал тогоонд аз жаргал буцалдаг нь эргэлзээгүй. “Ертөнцийн хамгийн гэгээлэг хүмүүс болох хүүхдийн хоол бэлтгэх нь дээд аз жаргал, эрч хүч авдаг сайхан ажил” гэж “Найрамдал”-ын олон тогооч ярихыг сонссон. Тэд хоол хийж өгөх тухайгаа бус, хүүхдүүдээс авдаг эрч хүч, энергийнхээ тухай үргэлж түрүүлэн өгүүлдэг юм. Ахлах тогоочийн өгүүлснээр энэ хэсэгт хүүхдүүдийн онцлог, нас, хөгжилд нь тохирсон эмчилгээний болон цагаан, ногоон хоол хүртэл бэлтгэдэг. Хэрэв хүсвэл тусгайлан хоол, унд ч бэлтгэнэ. Үүр шөнөөр босож, харуй бүрийгээр харьдаг ч ажлаа “аз жаргал” хэмээн тодорхойлдог ийм нэгэн хамт олныг “Найрамдал” хэмээх, хүүхдийн гүрэн бүрдүүлж чадсан нь бас л бахархал буй за.